Жирэмсний 4 дэх долоо хоног
Одоо ч таны дараагийн сарын тэмдэг ирэх цаг нь болоогүй байна.
Хэрвээ сарын тэмдэг ирэхгүй хоцорч, огт ирэхгүй бол ээж маань жирэмсний анхны шинж тэмдэгийг мэдрэх болно. Гэвч зарим тохиолдолд үр тогтсон өндгөн эс савны хананд наалдахдаа саван доторх жижиг нарийхан судсуудыг гэмтээснээр бага зэргийн цус гарах явдал байдаг.
Иймээс зарим эхчүүд үүнийг сарын тэмдэг үзэгдээд өнгөрсөн гэж бодох тохиолдол бий. Гэвч сарын тэмдгийг бодвол бага цус гарах учраас эх маань үүний дараахан жирэмсний тестээр жирэмсэлсэн эсэхээ шалгах нь зүйтэй юм.
Жирэмсний анхны шинж тэмдэг бол сарын тэмдэг ирэхгүй оройтох үзэгдэл юм. Дотор муухайрах, өглөөгүүр тамиргүйдэх, бөөлжих, огуйлах зэрэг нь жирэмсэлснийг илтгэх хамгийн эхний шинж тэмдгүүд билээ. Ойр ойрхон, бага багаар хооллох, өглөө босохоосоо өмнө орондоо хөнгөн чанарын бага зүйлсийг идэх нь өглөөгүүр дотор муухайрах, тамиргүйдэхэд тустай байдаг. Мөн түүнчлэн хүчил ихтэй, хурц үнэртэй зүйлсээс хол байх хэрэгтэй. Ихэвчлэн ийм төрлийн тавгүйтэл нь жирэмсний эхний 3 сар дуусгавар болсноор намжих болно. Гэхдээ дотор муухайрах, бөөлжих, тамир тэнхээ алдахын зэрэгцээ шээс өтгөн гарч байвал эмчид хандах нь зүйтэй.
Ээж маань өөрөө одоохондоо өөрт ямар нэгэн өөрчлөлтийг мэдрэхгүй ч түүний саванд байрлах шингэнээр дүүрэн бөмбөлөг дотор аль хэдийнээ хүүхдийн анхны хөгжил явагдаж эхэлсэн байгаа. Хүүхэд төрөх хүртлээ эхийнхээ хэвлийд усан дотор хөгждөг. Энэ ус бол хүүхдэд илүү чөлөөтэй хөдөлж байхад нь тустай, гадны нөлөөнөөс хамгаалах, ургийн уушги, хоол боловсруулах систем болон бусад эд эрхтнүүдийг нь бүрдэн бий болоход тусгай нөлөөтэй байдаг.
Жирэмсний 1-4 дэх долоо хоногт анхаарах зүйлс:
Эхний 8 долоо хоногт үр хөврөл бүрэлддэг учраас түүнд нөлөөлж болохуйц аливаа эмийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Учир нь үр хөврөлийн бүрэлдэх явцад уусан элдэв янзийн эмүүд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх аюултай. Төлөвлөсөн жирэмслэлтийн үед жирэмслэхээс 3 сарын өмнөөс эхлэн, жирэмслэснийхээ дараа 3 сарын туршид зөвхөн фолийн хүчилийг л уух хэрэгтэй байдаг. Үүнээс өөр ямар нэгэн эм уухыг эмч хориглодог. Зайлшгүй тохиолдолд буюу эх маань ямар нэгэн өвчнөөр өвчилсөн эсвэл ямар нэгэн суурь өвчтэй тохиолдолд тухайн өвчнийг намдааж эмчлэхийн тулд хор уршиг багатай эмийг заавал уух шаардлагатай. Жишээ нь: мэдрэлийн өвчтэй, бамбай булчирхайтай, даралт хэлбэлздэг, сахарын өвчтэй зэрэг суурь өвчтэй эхчүүд байнгын эм хэрэглэх шаардлагатай байдаг.
Мөн түүнчлэн өдөрт 400 мгр фолийн хүчил ууж эхлэнэ. Жирэмслэлтээс 3 сарын сарын өмнөөс ууж эхэлсэн бол тун сайн. Учир нь фолийн хүчил бол ургийн өсөлт хөгжил, тэр дундаа тархиндаа ямар нэгэн гажиггүй эрүүл саруул бүрэлдэхэд нэн тустай юм. Үүнээс гадна зулбалт, хугацаанаасаа өмнө дутуу төрөлтөөс хамгаалдаг
0 Сэтгэгдэлтэй