blog image

Жирэмсний 6 дахь долоо хоног

2020-10-23 14:31:46

Энэ долоо хоногт үнэр мэдрэх нь ихсэж эхлэх ба жирэмсний даавар нэмэгдснээр дотор муухайрах явц 12 дахь долоо хоног хүртэл үргэлжлэх болно.

Өглөөгүүр дотор муухайрч байгаан сайн талын илрэл нь зулбах эрсдэл бага байгааг харуулна. Энэ долоо хоногт ихэнх жирэмсэн эхчүүд өөрийгөө ганцаардсан, ядарсан сэтгэлтэй байдаг.

Энэ долоо хоногт таны хүүхэд:

Харин таны хүүхэд эрчимтэй томорч, 3-5 мм-ийн хэмжээтэй болсон байгаа. Хамгийн гадна давхаргаас хүүхдийн тань төв мэдрэлийн систем, арьс, үс, хумсны бүтэц бүрэлдэн бий болно. Дунд давхаргаас булчин, мөгөөрс, судаснууд, дэлүү болон бөөр бүрэлдэж эхэлсэн. Дотор давхаргаас элэг, нойр булчирхай, давсаг, бамбай булчирхай, уушгины бүрэлдэх явц явагдана.

Гарын бүтэц загвар нь бүрэлдэж, энэ хөгжил нь мөн л хурдацтай явагдаж удахгүй таны гэдсэн дотроос гараараа хүчтэй тэмтрэхийг та мэдрэх болно.

Нүд нь бүрэлдэж эхэлж байгаа бөгөөд нүдний нарийн давхаргууд нь аль хэдийнээ бүрэлдсэн байгаа. Харин чих болон хамрын нүхний бүрдэлт одоо л бүрэлдэн бий болж эхэлж байгаа.

Тархи нь 3 өөр хэсэгт хэлбэржиж байгаа. Өмнө хэсгийн тархинд ой санамж, ойлгох чадвар, дунд тархинд бусад эрхтэнүүдэд команд илгээх, хамгийн арын тархины хэсэгт тогтмол амьсгалах, булчингийн үйл ажиллагааг хянах хэсгүүд бүрэлдэнэ. Ирэх долоо хоногуудад ургийн тархинд 100 саяаас олон мэдрэлийн эс хөгжинө гэдгийг та мэдэх үү?

Хамгийн хачирхалтай нь бүдүүн, нарийн гэдэс ургийн гадна хэсэгт, хүйн холбоосон дотор бүрэлдэж эхэлсэн байгаа. Ирэх долоо хоногуудад ургийн хэвлий хэсэг рүү шилжин байрших болно.

Нойр булчирхайн хэлбэр, загвар нь дөнгөж л бүрэлдэн бий болж байхад бөөр, элэг аль хэдийнээ эрчимтэй томорч эхэлсэн байгаа.

Эхэс хэсэг ч мөн маш хурдацтай хөгжиж байгаа. 12 дахь долоо хоногоос хойш даавар үйлдвэрлэх үүргийг тэр хариуцах болно.

Таны хүүхдийн зүрх нь цохилж, цусны эргэлт явагдаж эхэлсэн байгаа. Ингээд хүүхдийн маань эрүүл бие махбодийн хөгжил нь эхэлсэн байна.

6 дахь 7 хоногийн мэдээлэл:

Зарим тохиолдолд ЭХО-гоор жирэмслэснийг тодорхойлох боломжгүй нөхцөлд цусны шинжилгээгээр, жирэмсний дааврыг тооцоолох аргаар тогтоох боломжтой байдаг. Дөнгөж жирэмсэлсэн буюу маш жижигхэн байхад нь хүртэл энэ шинжилгээгээр тодорхойлох боломж бий. Үр тогтолт явагдсаны дараахан эмэгтэйн биед энэ даавар ялгарч эхэлдэг учраас жирэмслээд 7 хоноход л хүний судсан дахь цусанд энэ дааврын тоо ихсэж эхэлдэг байна. Энгийн жирэмслэлтийн явцад 2 хоногт энэ дааврын тоо 1 дахин өсдөг байна. Хэрвээ энэ өсөлт явагдахгүй бол асуудал гарсны дохио болдог. Ялангуяа савны гадуурх жирэмслэлтийн оношийг тогтооход энэ арга барил маш чухал байдаг.

Хооллох зөвлөмж:

Стресс нь өглөөгүүр дотор муухайрах, нуруу, хүзүүгээр хатгаж өвдөх, толгой өвдөх үүд хаалгыг нээнэ. Ийм учраас та аль болох стрессээс өөрийгөө хол байлгах нь чухал.

Ялангуяа өглөөгүүр дотор муухайрах явдлыг багасгахын тулд В6 амин дэмээр баялаг болох тараг сайн идэж байхыг зөвлөдөг. Мөн В6 амин дэмийг өдөрт 50 мг-аар ууж ч болно. Өглөөний цайн дээрээ тослог зүйл идэхээ багасгаж, болж өгвөл жимсний жүүс уухгүй байх хэрэгтэй. Дотор муухайралтыг багасгахын тулд давстай жигнэмэг идэж болно. Цагаан гаа дотор муухайралтыг зогсоодог учраас чанарын баталгаа хангасан цагаан гаатай цай эсвэл чихэр идэх нь тустай байж мэднэ. Дотор муухайралт ихтэй, идсэн уусан зүйлээ тогтоож чадахгүй тэр дор нь гадагшлуулах тохиолдолд та эмчид хандан, шаардлагатай бол судсаар шингэн /дусал/ хийлгэж болно. Хэт их огисноос болж толгой өвдөх явдал ч бий. Гэвч энэ бүх зовиур нь хэсэг хугацааны дараа алга болно.

Хамгийн гол нь ойр ойрхон, бага багаар хооллохоо мартаж болохгүй. Та цүнхэндээ давстай жигнэмэг, цагаан гаатай чихэр, гадил жимсийг авч явбал танд тустай.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй