blog image

Би хичээдэг ээж

2020-12-16 12:35:27

Би 30 настай, хоёр хүүхэдтэй , бизнес хийдэг ганц бие ээж О. Цолмон. Анх 25 насандаа хүүгээ төрүүлчихээд, шал танихгүй эв хавгүй арзайсан жижигхэн хүнийг яаж амьд байлгах вэ л гэсэн мэдрэмж төрсөн. Амьдралдаа памперс гэдэг зүйлийг өмсгөх битгий хэл барьж ч үзээгүй надад бүх л зүйл сонин содон байж билээ. Ном уншихаар өөрийн мэдэлгүй нүд анилдаад нам унтчихдаг учраас бараг ном уншиж байгаагүй бол хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх мэдлэг олохын тулд арав гаруй ном дуусгаж байсан. Ном, интернэт гээд хэрэгтэй мэдээллүүдээ утсан дээрээ хадгалдаг байсан чинь багтаамж нь дүүрчихсэн. Тэгээд фэйсбүүк дээр МИСС ЭЭЖҮҮД гээд хуудас нээгээд түүн дээр хэрэгтэй гэж бодсон мэдээллүүдээ, бас урам зориг өгдөг мисс ээжүүдийн зургийг оруулж байлаа. Гэтэл нэг л мэдэхэд маш олон дагагчтай, бүсгүйчүүдийн дуртай хуудас болсон. Ингээд л хүүхдээ харангаа, өөрт хэрэгтэй мэдээллүүдээ орчуулга хийн бусадтай хуваалцсаар ээжүүд бие биедээ мэддэг чаддагаа хуваалцаж, ярилцаж хамтдаа хөгжих хэрэгтэй юм байна гэж бодсон.

Би муу ээж гэж бодож байсан үе байдаг уу? Байдаг бол хуваалцаач

Хүүхэд харах хүн байхгүй учраас 2 нас, 3 настай хоёр хүүхдээ дагуулаад хүргэлт хийж бараагаа зардаг байлаа. Нэг удаа намрын хүйтэн орой захиалга өгсөн хүн маань ирдэггүй ээ. Нэгэнт арайхийн зориод оччихсон болохоор хаяад явж ч бас чадахгүй гучаад минут хүлээгээд бараагаа өглөө. Энэ үед хүүхдүүдэд минь дулаацаад суучих машин алга, тоглоод  байх орчин ч байхгүй үед ээжийгээ ойлгоод нэг ч удаа даарч байна, харья гэж хэлээгүй. Тэгээд маргааш нь бид гурвуулаа ханиад хүрсэн. Иймэрхүү дурсамжууд бидэнд хэд хэд бий. Нөхрөөсөө салсны дараа аавыгаа санаад манай том маш их өвдлөө. Гурван сарын хугацаанд 3 удаа эмнэлэгт хэвтсэн бид хоёр тортой хувцсаа бариад автобусдаж эмнэлэгтээ хэвтээд л, эмнэлэгээсээ гарахдаа юмнуудаа дамжлаад  гэртээ харьдаг байлаа. Эмнэлэгт байхад бусад хүүхдүүдийн аав ээж ээлжлэн сахиур солигдоод л, ойр дотныхон нь эргэж ирээд л амттай зүйл авчирч өгч байхад эгч маань урд сурдаг, ээж болохоор охиныг маань хараад үлдсэн болохоор ганц ч эргэлт ирж байгаагүй. Тиймээс би хүүгээ горьдоохгүйн тулд хамаг мөнгөөрөө пицца захиалж, торт авч аль чадахаараа баярлуулах гэж хичээдэг байлаа. Энэ үед л би ёстой муу ээж юм байна даа. Би бүх хүчээрээ тэмцэхгүй л бол энэ хоёр хүүхэд зовж амьдрах юм байна гэж бодсон. Ингэж цаг наргүй хөдөлмөрлөсөн хоёр жилийн хугацаанд  унах унаатай, орох оронтой болж, хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт сургаж,  гурван дэлгүүр, нэг салон, нэг сайттай  болсон доо. Одоо ч бас хүүхдүүдээ хамгийн сайн сургуульд сургаж, өөрийгөө ч хөгжүүлж, мэдлэг боловсролтой болж, гэр бүлээ юугаар ч дутаахгүй хангалуун сайхан амьдруулна гэсэн зорилго тавиад л амьдарч байна.

Тэгвэл би сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеүдээ дурсаач

Нэг удаа миний хүү намайг ядраад ороод ирэхэд аяга таваг угаагаад, “ээжээ та битгий өвдөөрэй” гэж хэлсэн. Таван настай бяцхан үр минь эрүүл саруул өсч бойжоод, тусад ороод, бас их хүнлэг сайхан сэтгэлтэй өсч буйг нь харах бүртээ, 4 настай охин минь хэнээр ч хэлүүлэхгүй орой бүр шүдээ угааж унтаад, өглөө бүр “сайхан амарсан уу? Өглөөний мэнд”гэж хэлэх бүрт хүүхдүүддээ зөв дадлыг бий болгож, боловсон соёлтой болгож төлөвшүүлж буйдаа баярлан би сайн ээж юм байна. Улам хичээх хэрэгтэй гэж өөртөө хэлдэг.

Хүүхдүүд минь л намайг зорилготой, амьдралын төлөө зүтгэлтэй болгож хүч өгдөг. Хэзээ нэгэн цагт миний хүүхдүүд надаар бахархаж яриасай гэж би хүсдэг. Тиймээс гадаад үзэмжиндээ хүртэл маш их анхаардаг. Яаж ч ядарсан байнга маск тавьж, арьс үсэндээ анхаарч хүүхдүүдийнхээ дурсамжинд хамгийн үзэсгэлэнтэй, сайхан үнэртэй, үнэнч шударга, хүчирхэг нэгэн байх гэж хичээдэг дээ. Ирээдүйд ээж болох гэж байгаа дүү нартаа зөвлөхөд юунд ч бүү яар. Өөрийгөө эхлээд ол, хийхийг хүссэн бүх зүйлээ хий, аял, сур, зугаац, шоуд. Түүний дараа бүхнээс уйдаад гэр бүлийн амьдрал зохиож, хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүссэн үедээ л ээж болоорой. Ээж болох амархан, сайн ээж байх хэцүү.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

7 Сэтгэгдэлтэй
  • Bayarmaa
    Uneheer baharham busgui yumaa
  • baji
    baharhaad baramgui saihan dvv mine
  • Уншигч С
    Ухаантай мундаг бүсгүй, сайн ээжид амжил, сайн сайхан бүхнийг хүсье
  • V
    Mundag busgui ymaa setgeliin hattai
  • Liza
    Ymar mundag yum be tanias suraltsah zuil ih bgaam bnshuu 😘 mundag busguidee amjilt husey ❤❤
  • Soyoloo
    Mundag bvsgui shvv. Harahaas l erch hucheer duuren oortoo itgeltei haragddag. Yrun bodoood bsn bi oorin bvh hayg accountiig dagadag ym bnaa kk miss eejuug insta tiktok fb beauty tuts. Gdll bas vax ntriig n ch awch heregledeg. Amjilt husey mundag busgui min.
  • Gantuya
    үнэхээр ташуур боллоо Баярлалаа