Ууланд алхахад эхлээд юу бэлдэх вэ?
Ууланд алхах - шууд төсөөлөхөд л байгалийн сайхан орчин, цэвэр агаар, шувуудыэ жиргэх, ой модны үнэр гээд хэчнээн гоё билээ дээ. Энэ бүхэн хүн бүрт байгалиасаа хэрэгтэй байдаг. Ууланд алхахыг би товчхон томъёолбол "Аз жаргалтайгаар зорилгодоо хүрэх" гэж хэлнэ. Учир нь та өөрийнхөө ядрах, цуцахыг үл тоон оргил өөд мацан гарна. Ингэснээр урам зориг, эрч хүч авахаас гадна маш олон өөрчлөлтүүдийг мэдрэх болно. Товчхон хэлэхэд:
- Зүрхний өвчлөлийн эрсдэлийг бууруулна
- Цусны даралт болон чихрийн түвшинг сайжруулна
- Алхах нь жин хасахад тун хэрэгтэй
- Хөлний доод булчинг чангаруулна
- Тэнцвэрийг сайжруулна
- Өөдрөг болгоно. “Судалгаанаас харахад явган аялал нь стресс, түгшүүрийн шинжүүдтэй тэмцэхэд эерэг нөлөө үзүүлдэг” гэж Америкын явган аяллын нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Грегори А. Миллер хэлсэн байдаг.
Ууланд алхахдаа санаж явах хэдэн зүйл
Удаанаар эхлэ. Анхлан алхагчид богино зайнд эхэлсэн дээр байдаг.
Таяг ашигла. Газар тулж урагшлах нь биеийн дээд булчингуудыг илүү ажиллуулж, хүчтэй кардио дасгал болдог.
Оройд нь гар. Жижиг уулын орой байсан ч хамаагүй. Зүрхний цохилт эрчимжүүлэхээс гадна, 5, 10 хувийн өгсүүр хүртэл илчлэг шатаалтыг 30-40 хувь ихэсгэдэг.
Хувцсаа соль. Уулруу алхахад маш их хөлөрдөг тул орой дээр гарсны дараа хуурай хувцас сольж өмсвөл жин цохихгүй.
Олуулаа яв. Эхэндээ ганцаараа ууланд алхах хэрэггүй. Ялангуяа таниж мэдэхгүй газар төөрөх, гэмтэх эрсдэл бий. Тиймээс уулын бүлгэмүүд эсвэл уулруу алхах дуртай найзуудтайгаа нэгдээрэй.
Үүргэвчтэйгээ алх. Солих хувцас, ус зэргээр цүнхээ дүүргээд үүрээд явах нь нурууны булчингийн үйл ажиллагаанд маш хэрэгтэй.
Бэлдэх зүйл. Хэрвээ халтиргаатай, цастай үед явж байгаа бол хөлөндөө хадаас зүүх, хачигтай хаврын өдрүүдэд тод өнгийн хувцас, малгай өмсөх гээд цаг агаартаа зориулж хувцас хэрэглэлээ тохируулаарай. Эцэст нь эхлэл хамгийн хэцүү байдаг. Та хичээж өөрийгөө дайчилж байгаад үр дүнг нь мэдрээрэй
3 Сэтгэгдэлтэй
Nathancrubs
Scottmaw
Nathancrubs