blog image

БИ ГЭРЭЛ ЦАЦРУУЛСАН ЭЭЖ

2021-01-17 17:20:48

П. Ганчимэг 40 настай. Хүмүүн Бие Даан Амьдрах Төвийн тэргүүн. Нөхөр хоёр хүүгийн хамтаар Эрдэнэт хотод амьдардаг. Анх 22 настайдаа ээж болсон. Үнэхээр гайхалтай. Тухайн үед яг яаж байснаа сайн мэддэггүй юм. Ямартай ч хүүгээ хараад маш их баярласан болохоор уйлж байсан. Би хоёр  хүүгээ төрүүлсэн нь л үнэн. Хань минь хөвгүүдээ өсгөж гэртээ суусан. Бид 2 ярилцаад чадах чадах зүйлээ хийе гэж шийдсэн. Би тэргэнцэртэй, нугасны 70%ийн тасралттай хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүн. Байнгын асаргаанд байдаг учраас хүүхдээ тэврэх, өлгийдөх, усанд оруулах гээд юу ч хийж чадахгүй. Тиймээс хүүхдүүдээ нөхөр маань өсгөсөн. Би ажлаа хийсэн. Бие өвдөх шантрах үе олон ч хүүхдүүдээ харахаар өвдөх ч эрхгүй гэж боддог. Хүүхдүүд маань 11 насны зөрүүтэй. Бага хүү маань дэндүү бага байгаа. Гэр бүл хүүхдүүдээсээ урам зориг авдаг. Би өөрөө их өөдрөг үзэлтэй. Өглөө бүр сэрэнгүүтээ толинд хараад би ямар хөөрхөн юм бэ гэж өөртөө хэлдэг, тэгэхэд хажуугаас нөхөр минь хараад тийм ээ чи минь хөөрхөн гэж хэлдэг. Тэр өдөржин өөдрөг байна.

Хайртынхаа юунд анх татагдсан бэ? Танилцсан түүхээ хуваалцаач

Миний хань намайг яг байгаагаар минь хайрласан. Би анх нөхрөө хараад шууд дурласан. Охин дүү маань нөхөртэй болоод  хадмууд маань ирж танилцсан. Тэр үед би гэмтэл аваад гэртээ хэвтэрт байсан. Дүүгийн хадмууд ирж танилцахад хоёр ах нь ирсэн. Нээх өндөр нүд хөмсөг болсон цагаан залуу орж ирэхэд, шууд хараад л дурлачихсан. Ямар гоё залуу вэ гээ л хэхэ. Тэр өдрөөс хойш байнга боддог болсон. Бас дүүгийнх манай хашаанд гэр барьж амьдрах болсон. Хүргэний ах  ирлээ гэнгүүт босоод тэргэнцэр дээрээ суугаад дүүгийнхээ гэрт яваад орчихдог байсан. Намайг орохоор хэсэг ярилцаж байгаад хөзөр тоглодог байсан. Ер нь хөзөр тоглосоор байгаад өөртөө дурлуулчихсан хэхэ..

Миний нөхөр сайн ч аав сайн ч нөхөр. Их зөөлөн хүн. Хатуу ширүүн үг хэлдэггүй. Намайг гэмтэл аваад итгэл найдвараа алдчихсан, өөрийгөө хэнд ч хэрэггүй юу ч чадахгүй ингэж хэвтэж байгаад л үхэх байх даа гэж боддог үед танилцаж эмэгтэй хүн гэдгээ мэдрэх, ээж хүн эхнэр хүн байх тэр сайхан боломжийг олгосон хүн.. Эмэгтэй хүн тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүн хайрлаж хайрлуулах, ээж байх эзэгтэй хүн болно гэдэг их том асуудал. Миний хань надад бүхэл бүтэн амьдрал бэлгэлсэн хүн. Миний хань 2 хүүгээ өсгөж, хажуугаар нь намайг асрах халамжлах том үүрэг хүлээсэн хүн. Тэсвэр тэвчээр гэж юу болохыг өөрийн биеэр харуулж яваа хүн. Гэрт орж эм гэрээс гарч эр болно гэдэг шиг л, гэртээ хамаг юмаа хийдэг. Бид 3ыг хайр халамж юугаар ч дутааж байгаагүй.

 

Хүүхдүүд маань аавынхаа сайн сайхан бүхнийг шингээн, ааваасаа үлгэр авч чаддаг. Би эрэгтэй хүнийг ийм тийм байх ёстой гэж өндөр шалгуур тавьдаггүй. Үр хүүхэд, эхнэртээ хайртай, тэднийхээ төлөө юуг ч хийж чадах сэтгэлтэй байхад л болно доо. Гэр бүлийн үнэ цэнийг мэддэг эр хүн сайхан санагддаг.

 

Би хүмүүст хэрэгтэй хүн байхыг л хүсдэг. Нэг ч гэсэн өөртэйгөө адилхан бэрхшээлтэй хүнд урам зориг өгөхийг боддог. Энэ хүсэл маань намайг зоригжуулан хийж буй ажлаасаа аз жаргалыг авдаг.

Ирээдүйн ээжүүдэд хандаж хэлэх үг

Хүүхэд гэдэг бурхнаас өгч байгаа хамгийн том бэлэг. Хүн хүнийг хүмүүжүүлнэ гэж байдаггүй. Харин хүүхэд чинь чамайг л харж хүмүүжнэ. Тиймээс өөрийгөө л зөв байлгах хэрэгтэй юм байна лээ. Би хүүхдүүддээ тэг ингэ гэж зааж зааварлаад байдаггүй. Тийм болохоор ээж хүн өөрөө л зөв дадал хэвшилтэй, эерэг хандлагатай л байхад болно доо.

 Өөртөө цаг хэр зарцуулдаг вэ? Гадаад үзэмжиндээ яаж анхаардаг вэ? Баримталдаг зарчим?

Өөртөө их анхаардаг. Эмэгтэй хүн үргэлж гоё байх ёстой гэж боддог. Гэртээ ч тэр. Өөрийнхөө хувцаслалт гоо сайханд өөрийнхөө боломжийн хэрээр мөнгө зарцуулдаг. Өөрөөсөө харамладаггүй. Эмэгтэй хүн ямар ч байж болно. Өөртөө л арчаатай байх ёстой гэж боддог. Өөрийгөө хайрлаж чаддаг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөртөө итгэлтэй байж чаддаг эмэгтэй л гоё байж чаддаг гэж боддог. Хүн өвдөж болно, ядарч болно хамгийн гол нь өөртөө л арчаатай байхад болно доо


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй