blog image

БИ СЭТГЭЛ ГУТРАЛТАЙ ЭЭЖ

2021-01-21 20:03:35

Намайг Сэрээтэрийн Мөнхцэцэг гэдэг. Өнөөдөр 33 нас хүрч байна. Өөрийн талаар асуултанд хариулах гэхээр би чинь хэн билээ гээд жаахан боддог юм байна. 33 жил амьдарчихсан хүн чинь аль цаг үеийн үзэл бодлоороо хариулах билээ гэж эргэлзсэнийх биз. Тэгээд эдгээр асуултанд яг одоо цагаар, одоогийнхоо мэдрэмж, өнцгөөс хариулсан нь оновчтой байх гэж бодоод бичиж байна. Монголдоо спортын сэтгүүлч мэргэжлээр их сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ "ntv" телевизэд ажиллаж байгаад, ОХУ-н Москва хотын Улс түмний эв найрамдлын сургуульд "Олон улсын сэтгүүлч" мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлсэн сэтгүүлч хүн байгаа юм уг нь.  Сургуулиа төгсөөд ажлын талбарт эргэн ирэхээсээ өмнө ээжийн албанд өөрийгөө томилчихсон . Ингээд 9 жил ээжийн, эхнэрийн, эзэгтэйн ажлыг хийж байна. Энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон.

Анх хэдэн настайдаа ээж болж байсан бэ? Ямар мэдрэмж төрсөн бэ?

24 насандаа 2 зураастай "нүүрэлдсэн" . Жирэмсний тестийн 2 зураастай зэрэгцэж ирсэн алдар минь ээж байлаа. 25 насандаа анхны хүүгээ энгэртээ тэвэрч, хариуцлагатай амьдралтай дотно танилцсан. Төрөх л хэцүү, төрүүлж чадсан юм чинь өсгөж чадна гэсэн гэнэн бодолтой  тэнэг хүүхэд байж дээ тэр үед. Төрүүлэхээс өсгөх нь хэцүү гэдэгтэй ээжүүд санал нэгдэх биз.

Хүүхдүүддээ байнга хэлдэг үг

Өөрөөрөө бай гэж үргэлж хэлдэг. Өрөөлд тааруулж тухгүй байж болохгүй, өөрийнхөө мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлж бай. Чи бол цор ганц, чамд байгаа зүйлс, чиний байгаа байдал төгс гэж хэлдэг. Хүүхдүүд минь жаахан хэдий ч өөрийгөө сайн илэрхийлдэг сурч байгаа. Би чинь өөрөө дандаа хичээдэг, өөрийгөө голдог, үнэлдэггүй байдлаасаа болж төрсний дараах сэтгэл гутралд орж байсан болохоор хүүхдийнхээ сэтгэл зүй, аж байдалд илүү анзааргатай байхыг хичээдэг болсон.

Би муу ээж гэж бодож байсан үе байдаг уу? Байдаг бол хуваалцаач

Байхаар барах уу, үргэлж муу ээж гэж боддог байсан. Өөртөө хэзээ ч хангалттай дүн тавьж байгаагүй ээж болсноосоо хойш сэтгэл гутралд орох хүртлээ. Өдөр бүр л илүү  байх гэж, сайн байх гэж, төгс байх гэж хичээдэг байсан. Үнэндээ өөрийгөө ч, хүүхдүүдээ ч байгаагаар нь хүлээж авдаггүй ёстой муу ээж байсан байгаа биз.

Тэгвэл би сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеүдээ дурсаач

Бага хүүхдээ төрүүлээд төрсний дараах сэтгэл гутрал гэдэг зүйлтэй учирсан. 8 жилийн турш хангалттай дүн авахгүй сургуульд суралцвал би муу сурлагатан гэж бодоод сурах мэрийх хүсэл хүнд үлдэхгүйтэй адил 8 жил өөрийгөө голж, муу дүн тавьсаар ээж байх хүсэлгүй болчихсон. Бүр хамгийн муухай замыг сонгочихоод сууж байхдаа ч бор хоолонд ороогүй бяцхан охиныхоо төлөө  дахиад хичээе гэж бодоогүй. Ээж баймааргүй санагдсан. Ээж байх миний чадах зүйл биш байна гэж бодогдоод байсан. Хамгийн их хичээдэг, мэрийдэг, зүрх сэтгэлээ зориулдаг ажлаа ч хийж чадахгүй байхаар үнэхээр сэтгэлээр унадаг юм билээ. Охин минь их уйлдаг байсан нь надад тэгж бодогдуулсан байх. Бас аав минь бурхан болоод удаагүй байсан болохоор их хүндээр туссан. Одоо бодоход ээж нь тавгүй байхад үр нь яаж тайван байх вэ дээ... Харин энэ хэцүү үеэс нөхрийнхөө дэмжлэг, урмын үгс, хүүдүүдийнхээ хайр, ээж нар, эгч дүүс, найз нөхдийнхөө итгэлээр гарч чадсан. Нэг ёсондоо сэтгэл гутралаа даван туулж, өөрийгөө их үнэлж, хайрладаг болсон доо. Төрсний дараах сэтгэл гутралд ороход гэр бүл хамт гунддаг. Энэ бүхнийг давж гарсан намайг мундаг гэх хүн таардаг ч, тэдэнд би нэг дахин хичээсэн. Харин гэр бүл минь гурав дахин чармайсан гэж хэлдэг. Энэ үеийг давж чадаад, одоо ч ээжийн албаа хашиж байгаа би сайн ээж байгаа биз 

Ээж болсны дараах таны амьдралын өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэртээ суухдаа өөрийгөө яаж хөгжүүлж байсан бэ?

Багаасаа нийгмийн идэвхитэй, үргэлж л өөдөө тэмүүлж, цаг хугацаатай уралдаж явдаг надад ээж болоод тогтсон хэмд ороод тогтвортой амьдралд суурьших нь сонин байсан. Нийгмийн харилцаа, мэргэжлийн онцлог, ээж байх гурвыг нэг цэгт зангидахыг хүссэн хүсэл маань сошиалд групп үүсгэе гэх санааг анх төрүүлсэн. Ингэж л 165000 гишүүнтэй МОМ групп нүүр номд төрсөн түүхтэй. Тэгээд л групптэйгээ хамт хөгжсөндөө. Зарим тохиолдолд групп маань ч миний өөртөө хангалттай дүн тавьдаггүй занг минь өөхшүүлж байсан шиг одоо бодогддог. Учир нь манай группэд мянга мянган гайхалтай ээжүүд бий. Тэдэн шиг байхыг хүссэн хүсэл, тэднээс суралцах гэж хичээсэн зүтгэл маань намайг өөрийгөө үнэлэхгүй, голсон байдалд тодорхой хэмжээнд оруулдаг байсан байх. Ээжүүддээ хэлэхэд хэнтэй ч, хэзээ ч өөрийгөө болон өөрийнхөө хайртай хүмүүсийг бүү харьцуулаарай гэе даа.

Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг байлгадаг вэ?

Сэтгэл гутралд орохоос өмнө хүн чадсан чи бас чадна гэж зоригжуулдаг байсан. Одоо бол өөрийнхөө чадахыг л оролддог. Чадахгүй бол орхичихдог. Ёстой хүслээрээ, өөрөөрөө амьдарч сурч байгаа. Тэгэхээр өөрийгөө зоригжуулах, өөдрөг байх эс бөгөөс гутрах шалтгаан гардаггүй.

Ирээдүйн ээжүүдэд хандаж хэлэх үг

Надад ээжүүдэд хандаад хэлчих үг,  сургааль байхгүй л болов уу. Ямартай ч миний асуулт хариултыг уншаад, үзэл бодлыг хараад хүн бүр цор ганц гэдэг шиг ээж бүр цор ганц гэдгийг ойлгочих байх. Монгол цоожинд цор ганц түүнд зориулсан монгол түлхүүр л таардаг шиг, таны хүүхдэд ТА яг тохирсон, хамгийн төгс ээж нь, тиймээс юу хийх, яах ёстойгоо надаас илүү мэдэж байгаа гэдэгт эргэлздэггүй.

Өөртөө цаг хэр зарцуулдаг вэ? Гадаад үзэмжиндээ яаж анхаардаг вэ? Баримталдаг зарчим?

Өөртөө хайртай хүн л бусдыг хайрлаж чаддаг юм байна гэдгийг ясандаа тултал ойлгосон. Урьд нь өөртөө ч цаг гаргахгүй, хайрлахгүй байж бусдыг хайрлаж, цаг гаргаж байна гэж эндүү бодож явсан байна лээ. Одоо бол өөртөө ч, өрөөлд ч чанартай цаг зарцуулдаг шүү. Гадаад үзэмжний тухайд үнэндээ мисс ээжүүд сайтад ярилцлага өгөх хэмжээний мисс ээж биш ээ.Бас айхтар хөөрхөн, гоё хүүхэн ч биш нийгмийн жишгээр. Өөрийнхөө ертөнцөд бүтэн бие, бүлээн сэтгэлтэй, өөртөө хайртай, цор ганц, яг одоо, яг энд зарчмыг чигээ болгож амьдардаг жирийн нэгэн ээж.

Сэтгэлээр унасан үедээ яаж өөрийгөө сэргээдэг вэ? 

Юун түрүүнд сэтгэлээр унаснаа ойрын хүмүүстээ хэлдэг. Бас юу хийвэл сэтгэл сэргэх вэ гэдгээ хэлдэг. Өөрийгөө ойлгуулж байгаа хэлбэр юм уу даа. Ер нь өөрийгөө бусдад ойлгуулж чадвал сэтгэлээр унах, сэргэх шаардлага гардаггүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүү дээ.

Хайртынхаа юунд анх татагдсан бэ? Танилцсан түүхээ хуваалцаач

Нээх ёстой урт түүх. Роман болох байх. Товчилъё. Бид 2 нэг телевизэд ажиллаж байсан. Миний араас 5 жил "гүйсэн". Нэгдүгээрт тууштай байдал нь үнэхээр сэтгэл татсан. Хоёрдугаарт миний мэдэхгүй гаригийн хүн юм шиг санагдаад тэр гаригтай холбоо тогтоож, таньж мэдэж, суурьшихийг хүссэн. Надад байхгүй зан чанар, үзэл бодол, дадал зуршил түүнд минь бий. Надад ч түүнд минь байхгүй зан чанар, үзэл бодол, цаг хугацаа, хэмнэл бий. Тийм учраас бид хамтдаа тал ертөнцөө нийлүүлж, бүтэн болгож амьдарч байгаа гэж боддог.

Сайн аав, сайн нөхөр гэж ямар хүнийг хэлэх вэ?

Манай нөхрийг хэлнэшт. Аав хүн гэж, эр хүн гэж төрөлхийн хамгаалалтын өгөгдөлтэй хүмүүс байх шиг байгаа юм. Хэрвээ түүний дэргэд аюулгүй, тухтай, өөрийнхөөрөө байж чадаж гэмээнэ, тэр эрх чөлөөг нь олгох зориг зүрх түүнд чинь байна гэмээнэ "сайн аав, сайн нөхөр" гэх тодорхойлолт гарч ирж чадах болов уу даа...

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

3 Сэтгэгдэлтэй
  • Prune
    Goy yariltslaga boljee. Umug tushig boloh sain hanitai baina gedeg saihan hereg shuu. Ih l am bardam nuhruusuu salsan gewch hun chine etssiin dund niigmiin neg heseg l bolj amidrah yestoi bolohoor haayaa bas gantsaardah yum baina. Zarimdaa zugeer l tsonhoor userchihmeer l sanagdah yum gehdee 2 huuhed mini tsonhnoos buulgah huch bolj baina daa. ( salsandaa haramsaj bish shuu zugeer l gantsaardaad teriigee dawj tuulah uchiraa olohgui baih shig baina) gehdee tsag hugatsaa emchilne bailgui dee 🙏🏻
  • Шаазгайхан
    Мундаг гоё ярилцлага бна. Би удахгүй ээж болох гэж бгаа надад маш их хэрэгтэй мэдээлэл бна баярлалаа. Гэр бүлд нь хамгийн нандин бүхнийг хүсье 😍😍
  • Tuul
    uuriiguu uurchilj uuriinhuuruu neelttei bolson ni uurt ni ch tuuntei hamaatai buh hund eiregeer tusch oilgoltsohgui gedeg asuudalgui bolson.