blog image

БИ МЭДРЭМЖТЭЙ ЭЭЖ

2021-09-05 22:30:33

БИ...ЭЭЖ цувралын энэ удаагийн зочноор мэргэжлийн make up artist П.Энхлэнг урьсан юм. Орчин цагт нүүр будахыг урлагийн бүтээл гэж тодотгож, охид бүсгүйчүүд гоо сайхан, арьс арчилгаандаа анхаарал хандуулдаг болсон. Энхлэнгийн хувьд 27 настай хоёр хүүхдийн ээж. Төрөөд удаагүй ч өөрийн цахим хуудсаараа дамжуулж, нүүрээ хэрхэн будах талаар зөвлөгөөг оруулж, олон хүнд урам хайрладаг үргэлж өөртөө цаг зав гаргадаг үзэсгэлэнтэй ээж юм. Түүний ертөнцөөр аялснаа хүргэж байна.

-Эмэгтэй хүн болж, төрсний эрхэм дээд жаргал ээж болох. Жирэмсний тестний хоёр зуурааснаас эмэгтэй хүний амьдрал эхэлдэг гэх нь ч бий. Таны хувьд анх жирэмсэн болсноо мэдээд хэрхэн хүлээж авсан бэ?

-Жирэмсэн болсноо мэдээд баярлах, айх зэрэгцсэн. Хүүхэдтэй болсондоо маш их баярлаж байсан ч яаж тээнэ, хүүхэд минь эрүүл байх болов уу гэх мэт айдас байсан. Харин хоёрдахь хүүхэд дээрээ жирэмсний тестний хоёр зураасыг хараад уйлмаар санагдаж, маш их хайр хүрч, гэр бүлээрээ баярлаж, догдолж байлаа.

-Төрөхийн өвдөлт өгөх торгон агшин. Эрүүний яснаас бусад нь сална. Хүчтэй өвдөнө. Гэсэн ч хүүхэдтэйгээ уулзах мөчийг догдлон хүлээдэг. Эсэн мэнд хоёр яс салж, энэ хорвоо дээр ирснээ зарлан уйлах үрийнхээ дууг сонсоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Дотор зангираад цийлэгнэсэн. Анхны төрөлтөөрөө хүүтэй болсон. Сая төрж охинтой болсон болохоор хорвоогийн хамгийн баян хүн шиг сэтгэл дүүрэн, аз жаргалаар бялхасан.

-Улаан нялзрай жаахан үрийг эмч энгэр дээр нь тавиад, амлуулдаг. Энэ мэдрэмжийг зөвхөн эмэгтэй хүн мэдэрнэ. Хүүхдээ харсан анхны сэтгэгдлээ хуваалцана уу?

-Анхны хүүхэд дээрээ яаж хүний биеэс хүн үүсээд гараад ирдэг байна аа гэж бодсон. Харин охиноо төрүүлэхдээ гурван хоногийн турш өвдсөн болохоор хүүхдээ хараад уйлж, баярлаж, бахархсан. Хоёрдахь хүүхэд илүү их аз жаргалыг мэдрүүлдэг юм билээ. Өндөр орон дээр үрээ энгэртээ наагаад хэвтэж байхдаа хэзээ ч өвтгөж, зовоохгүй хамаг бүхнээ үрдээ зориулмаар тийм хайрын сэтгэл асгарч байлаа.

-Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ та мэргэжлийн make up arstit. Арьс арчилгаа болон нүүр будалтын талаар ээжүүдэд зөвлөгөө өгнө үү. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүднйн хувьд нүүрээ будаж, үсчинд ороход л эрч хүчээр өөрийгөө сэлбэж, кайф мэдэрдэг шүү дээ?

-Хамгийн эхэнд өөртөө заавал цаг гаргаж сураарай гэдгийг зөвлөе. Үнэнийг хэлэхэд хүүхдээ хөхүүлж унтуулчихаад арьсаа цэвэрлэе гэж бодсон хэрнээ ширээгээ эсвэл угаасан юмаа хатаая гээд гэрийн ажлаа хийж явсаар өөрийгөө мартчихдаг. “Би төрсөн юм чинь, гэртээ байгаа юм чинь” гэж боддог маш олон ээж бий. Би яахав, хүүхэд минь гэсэн бодлоор аливаад ханддаг. Хүүхэд томорч ажилдаа орж, нийгэмд хөл тавих үе ирэхэд ээжүүд их сэтгэлээр унадаг. Гэртээ байхдаа арьс арчилгааг орхигдуулж, хөл зайтай цэвэрлэгээ хийснээс арьс маш их гундаж, сэвхтэнэ. Үрчлээ нэмэгдэнэ. Нүхжилт үүсч, цагаан батга гарна. Зарим арьс гэхэд бүтээгдэхүүн хүлээж авч чадахааргүы эмзэг болсон байдаг. Яг тэр үед би юу хэрэглэж, яах вэ гээд их сандарна. Нэгэнт асуудал үүссэн арьсыг арчилж, хэвэнд нь оруулахад маш их цаг хугацаа, санхүү шаардлагатай болдог учраас арьсаа арчилж хэвших хэрэгтэй. Өөртөө үргэлж цаг гаргаж сур.

-Арьсыг хэрхэн арчлах ёстой вэ?

-Цэвэрлэгч, гуужуулагч, маск, нарны тос болон серум, тэжээлийн том гэсэн зургаан төрлийн бүтээгдэхүүнийг заавал хэрэглэ. Арьс эрүүл байхад будалт гоё болно. Сэтгэл санаа сэргэнэ.  Нүүрээ буддаггүй хүн ховор байх. Тиймээс нүүр будалтын урлагт заавал суралцаарай.

-Нүүр будалтын товчхон зөвлөгөө өгнө үү?

-Primer, krem powder гэсэн гурван бүтээгдэхүүнээр суурь тавьж, гэрэл, сүүдэр, хацар өнгөлөгч гэсэн бүтээгдэхүүнээр нүүрнийхээ зөв хэлбэрийг гаргаж, будалтаа өнгөлөг болгоорой.

-Нялх хүүхэдтэй ээжүүд ядарч, шантрах асуудал гардаг. Хэрхэн даван туулж, хаанаас эрч хүч авдаг вэ?

-Хүүхэд асрахын хажуугаар сэтгэл зүйгээ эрүүл байлгана гэдэг амаргүй. Стрессгүй, сэтгэл гутралгүй байх маш чухал. Хэн нэгэн ирж намайг аргадаж хань болох, эсвэл гоё будалт хийлээ гээд энэ нь түр зуурын аргацаасан зүйл. Ямар ч үед юуг ч даван туулаад гарах зориг, тэвчээртэй байж шантрахгүй, баяр хөөртэй байдал нь хүний өөрийнх нь сэтгэл зүрхнээс гардаг гэж би боддог. Бүх зүйлийг өөрөө  хийж, болгож бүтээх гэж тэвчиж гүйдэг нь эмэгтэй хүнийг улам бүр ядраадаг. Хэзээ тэвчиж, тусламж авах вэ гэдгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Хийх нь миний үүрэг ч туслах нь бас чиний үүрэг шүү гэдгийг ойр дотныхондоо ойлгуулж хамт хийж, бүтээж, тэвчиж байвал өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл зүйгээ эрүүл байлгах цаг завтай болдог.

-Та өөрийгөө хэр сайн ээж гэж боддог вэ. Ээж болох гэж байгаа олон бүсгүйчүүд бий. Тэнд хандаж, ээжийнхээ туршлагаас хуваалцвал?

-Хүүхэд маань дүгнэн хэлэх байх даа. Сайн ээж байхыг цаг үргэлж хичээж, суралцаж явна.  Хүүхэд бол эзэн хаан биш. Үр хүүхэд шүү гэж хэлье.  Яагаад гэж зарим хүн гайхаж магадгүй. Манай хүүхэд ингэхгүй, тэгэхгүй гэдэг ч хүүхэд өөрөө бүх шийдвэрээ гаргах ёстой. Амьдралыг дөнгөж амталж, мэдэрч яваа хүүхдэд ээж нь ямар байх шийдвэрийг өмнөөс гаргаад байвал эцэст нь жаргалтай ээж биш болно. Стресстэй, ууртай, ядарсан магадгүй туйлдсан ээж болж болзошгүй.

-Төрөөд гоё сайхнаараа байна гэдэг хичээл, зүтгэлийн илрэл. Өөртөө их анхаарал тавьдаг гэж боддог. Бүсгүйчүүдэд хандаж зөвлөгөө өгвөл?

-Өөртөө хөрөнгө оруулалт хийхээ хэзээч битгий зогсоогоорой гэж хэлмээр байна. Фитнесст явъя, иог хийе, шинэ хувцас, хэрэглээ авах гэхээр санхүүгийн асуудал тулгарна. Магадгүй удахгүй төрөх бүсгүйчүүд байвал дараа нь өөрийгөө баярлуулж, эрхлүүлнэ гэж боддог бол хадгаламж үүсгэвэл илүү амар байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө биш үр хүүхдээ боддог шүү дээ. Бичигдээгүй хууль шиг л.

-Өөртөө цаг зав хэр зарцуулдаг вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Цаг зав гарвал ихэнхдээ makeup video болон зураг бэлддэг. Уйгагүй хөдөлмөр шингээж эзэмшсэн ур чадварааа мохоохыг хүсдэггүй. Нүүр будахаас гадна зураг авалт хийж, видео хийж эвлүүлдэг. Ажиллагаа ихтэй ч хийх тусам арга барилаа олж, сайжирч байна. “Би сурсан. Одоо болчихсон” гэдэг үгийг би огт хэрэглэдэггүй. Мэдлэг бол хүч учраас үргэлж, тэлж, хөгжүүлж байхыг эрмэлздэг.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1 Сэтгэгдэлтэй
  • Б. Энхцэцэг
    Мундаг бүсгүй юмаа улам их амжилт хүсье