БИ ДЭГЖИН ЭЭЖ
БИ...ЭЭЖ цувралын энэ удаагийн зочноор үндэсний үйлдвэрлэгч “Дэгжин Гоо” брэндийг үүсгэн байгуулагч Т.Рэнцэнхандыг урьсан юм. Тэрбээр буянт малынхаа ашиг шимээр орчин үеийн загварын чиг хандлагад уялдуулж, өнгөлөг загварлаг хээнцэр эко эвлэгхэн эсгий гутлаар эх орныхоо төдийгүй гадаадад амьдардаг монголчуудынхаа хэрэглээг хангаж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ үндэсний үйлдвэрлэлд өнгө нэмж яваа эгэл жирийн ээжийн дотоод ертөнцөөр аялснаа хүргэе.
-Би... Ээж цувралын урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө тодорхой танилцуулна уу?
-Би 39 настай. Хоёр хүүхдийн ээж. “Дэгжин Гоо” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнераар ажилладаг.
-Анх хэдэн настайдаа ээж болж байсан бэ. Ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би анх 23 настайдаа хүүгээ, 26 настайдаа охиноо төрүүлсэн. Энэ мөчөөс амьдралдаа үргэлж ээж гэж дуудуулах хосгүй баярт өдрүүд эхэлсэн. Үнэхээр хайр булаам харах төдийд уярч, эгдүүтэй тэр хуруу, хамар, нүд, чихийн оролдоод баймаар тийм сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Унтаж байгаа хүүхдийг үнсэж үлгэсээр байгаад сэрээнэ. Мөөмөө хөхөж байгаа хүүгээ харах их дуртай. Бумбагар хацар нь туяараад их тайван, тэр үед яагаад ч юм өөрөөрөө их бахархсан. Учир нь, тухайн үед би их туранхай тааз жижиг, маш их өвдөж 4100 грамм хүүгээ төрүүлсэн. 30 гаруй цаг өвдсөн. Үзсэн эмч нар том хүүхэд байна. 10 см болтол нь хүлээнэ гээд хүчээр ус гаргаж, тариа, дусал, эм гээд сав нээх бүх аргыг хэрэглэж байж төрсөн. Их ч өвдсөн. Дахиж ёстой төрөхгүй гэсэн ч хоёр жилийн дараа охиноо олсон. Охин минь дөрвөн сартайгаасаа ээждээ яаран нэлээд сандаргасан. Эхэс нь түрүү байрлалтай болохоор төртлөө хэвтэрт байх ёстой. Тухайн үед хүү их хөдөлгөөнтэй яс хэвтрийн дэглэм барихад тийм амар байгаагүй. Долоон сар гарантай байхдаа гэнэт цус алдаад яаралтай хагалгаанд орж охиноо угтаж авсан. Охин минь их жижигхэн 1670 грамм төрсөн. Ямар эгдүүтэй байсан гээч хүү минь хурууг нь харчаад “Ээжээ хуруу нь ямар жижигхэн юм бэ” гээд үнсээд бөөн аз жаргал хайраар дүүрэн дурсамжтай мөч минь. Би чинь том, жижиг, өөрөөрөө, хагалгаа, эрэгтэй, эмэгтэй гээд бүгдийн мэдэрсэн тийм л нэгэн азтай ээж.
-Хүүхдүүддээ байнга захиж хэлдэг үгсээ хэлээч?
-Үргэлж эвтэй найртай байхыг бусдад боломжоороо тусалж, ажилч хичээнгүй, зөв шударга байхыг захидаг.
-Өөрийгөө муу ээж гэж бодож байсан үе бий юу?
-Мэдээж байлгүй яахав. Хүүхдүүд өвдөхөөр өөрийнхөө муугаас боллоо гэж бодоод, уйлуул дагаад, гайгүй болохоор нь тайвшраад, янз бүрийн зүйл их болдог байж. Одоо хүүхдүүд том болоод эсрэгээрээ муу ээж байх вий гэж их хичээдэг. Бид чинь хүүхдүүдийнхээ үлгэр дуурайлал.
-Харин сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеэ дурсаач?
-Хүүхдүүд минь эрүүл саруул, олондоо нэр хүндтэй, найзуудаар хүрээлэгдсэн өөр өөрсдийн дуртай зүйлсээ олсон, ээждээ тустай энэ бүхнээс илүү сайхан зүйл хаа байх вэ.
-Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг байлгадаг вэ?
-Хүн ер нь дуртай ажлаа хийх шиг сайхан зүйл байдаггүй. Ажлаа хийх тоолонд аз жаргалаар дүүрэн байдаг. Өлсөж, цангаж, ядарснаа ч үл тоон шимтэн хийдэг. Үүнд гол зоригжуулдаг зүйл маань хийх бүрт онгод орж шинэ санаа дуусдаггүй. Үргэлж хийсэн зүйлээ дуусгаж байж санаа минь амардаг зан минь бас их тус болдог.
-Ээж болсны дараах таны амьдралын өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэртээ суухдаа өөрийгөө яаж хөгжүүлж байсан бэ?
-Хүүгээ гаргаад жилийн дараа Солонгосын авиа компани "Кореэн эйр"-д онгоцны үйлчлэгчээр ажилд орсон. Өөрийгөө нээхэд маш том түлхэц болсон. Монгол гэдэг улсыг олон мэддэггүй хүмүүст танилцуулсан сайхан дурсамжаар дүүрэн он цагууд минь.
-Өөртөө хэр цаг зарцуулдаг вэ. Гадаад үзэмжиндээ яаж анхаардаг вэ?
-За ёстой ганц чаддаггүй зүйл минь. Амарсан үедээ өөртөө цаг гаргахаас илүүтэй гэрээ цэвэрлэж хүүхдүүддээ амттай хоол хийж өгч гэр бүлээрээ ширээ тойрон суух дуртай. Хаа нэг гоо сайханд орохоороо эмэгтэй хүн гэдгээ илүү их мэдэрдэг. Яагаад өөртөө цаг гаргадаггүй юм бэ гэж бодоод тэгээд мартчихдаг. Ихэнх эмэгтэйчүүд адилхан байх гэж бодож байна. Гадаад үзэмжийн хувьд бол эсрэгээрээ их анхаардаг. Эмэгтэй хүн гаднаа ч дотроо ч сайхан байх ёстой гэж боддог.
-Сэтгэлээр унасан үедээ яаж өөрийгөө сэргээдэг вэ?
-Дуу сонсож гэрээ цэвэрлэдэг дээ. Өмнө нь дэлгүүр хэсэхээр сайхан санагддаг байсан одоо ч залхуу хүрдэг болсон байна лээ.
-Тэгвэл юунаас хамгийн их урам авдаг вэ ?
-Талархал магтаалын үгнээс.
-Ирээдүйн ээж нарт хандаж хэлэх үг?
-Ээж болохоосоо өмнө өөрийгөө үргэлж эрхлүүлж, шоу зугаа цэнгэл бүхнийг ханатал эдлээрэй. Хүүхэдтэй болоод хэзээ ч бүү өөрийгөө орхиорой, дуртай зүйлээ хийж, өөртөө үргэлж цаг гаргаж байгаарай. Би ээж болсон гээд өндөр өсгийтөө хэзээ ч хаяж болохгүй шүү. Учир нь чи ээж болсноос эмээ болоогүй. Гэр бүлдээ халамжтай хамгийн эрхэм нэгэн байгаарай.
-Хайртынхаа юунд анх татагдсан бэ.Танилцсан түүхээ хуваалцаач?
-Анх гэгээн хайрын өдрөөр бие биенээ харж байсан. Тэр нэг охинтой би нэг найзтайгаа явж байлаа. Их олуулаа бөөнөөрөө сууцгаасан. Нэг их харц тулгараагүй ч намайг хараад байлаа. Тэгээд танилцаад хамт явсан охин нь найз нь гэдгийг мэдээд бид уулзалдаж эхэлсэн. Тэрний минь ухаантай, даруу нүдээрээ инээсэн төрхөнд анх татагдаж байсан.
-Сайн аав, сайн нөхөр гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Мэдээж ханьдаа хайртай халамжтай, бүх хайраа зориулдаг. Үргэлж хүндэлж хайрладаг, юу хүсэж байгааг нь шууд мэдэрдэг, ойлгодог хүнийг сайн нөхөр гэх байх. Харин хүүхдүүддээ цаг зав гаргадаг, тэднийхээ төлөө бүхнээ зориулдаг, хариуцлагатай хүнийг сайн аав гэнэ.
0 Сэтгэгдэлтэй