Г. Оюунгэрэл Монгол хатны хувцастай марафонд гүйж Гиннесийн амжилт тогтоолоо
Канад улсын Тронто хотод энэ сарын 20-нд болсон “TCS Toronto Waterfront” марафонд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Гэрэлмэндийн Оюунгэрэл монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор богтаг малгай, хатны хувцастай марафонд гүйж Гиннесийн амжилт тогтоолоо.
Тэрбээр XIII зууны монгол хатны богтаг малгайг монгол дээл, уужны хамт өмсөж бүтэн марафон буюу 42.195 км зайд амжилттай гүйж, энэ хувцасны ангилалд дэлхийн Гиннесийн амжилтыг 3:40:28 секундээр тогтоосон байна.
Г.Оюунгэрэл монгол үндэснийхээ хувцас өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор малгай, дээл захиалан урлуулжээ.
Тэрбээр АНУ-ын Калифорни мужид амьдардаг. Сүүлийн 10 жил гүйлтийн спортоор хичээллэж байгаа бөгөөд Берлин, Нью-Йорк, Чикаго, Токио, Лондон гээд дэлхийн хамгийн том 6 марафонд амжилттай гүйсэн "Абботын 6 од"-той гүйгч юм. Монголоос ийм одтой 4 эмэгтэй гүйгч байдаг ажээ.
0 Сэтгэгдэлтэй