blog image

ЖИРЭМСЭН ЭЭЖ ТА ТӨРӨХӨД БЭЛЭН ҮҮ?

2020-11-04 10:55:39

Нэг л мэдэхэд төрөх хугацаа нь ойртоод бяцхан айдас, сандралтай нүүр тулчихсан уу чи минь? Санаа зовох хэрэггүй дээ эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ гэдэг бидэнд заяасан хамгийн өөрөөрөө бахархах том аз завшаан юм. Төрөхөд бэлдэх нь цүнх дүүрэн хувцас, хэрэглэл авах биш харин сэтгэл санаа шулуутгаж, хэд хэдэн шийвдэрүүдийг гаргахыг хэлнэ. Ингээд ирээдүйн мисс ээжүүддээ эрүүл саруул төрөхөд нь туслах доорхи зөвлөгөөг бэлтгэлээ. 

1. Төрнө гэдэгтээ эвлэрэх. Нэгэн эмэгтэй төрөх эмнэлгээс би ерөөсөө төрөхөө болилоо гэж явахаар завдсан болсон хөгжилтэй явдал байдаг. Тийм ээ эмэгтэй хүн бүр хүүхэд төрүүлнэ. Тиймээс төрөх өдөр ойртох тусам өвдөлтөөс айж, стресст орж байна уу. Энэ үед хамгийн гол нь тайван байх  хэрэгтэй бөгөөд эмэгтэй хүн бүр л энэхүү айдсыг даван туулж чаддаг гэдгийг санаарай. Мэдээж төрөхийн өвдөлтийг өөр юутай ч жишин зүйрлэх аргагүй ч, үүнийг л даваад гарчихвал, үрээ энгэртээ тэвэрч, эх хүн болно хэмээн өөрийгөө зоригжуулаарай. 

2. Төрөх эмнэлгээ сонгох. Жирэмсний 38 долоо хоногоос хойш хүүхэд төрөхөд бэлэн болдог учраас энэ үеэс өмнө төрөх эмнэлэг, төрүүлэх эмчээ сонгосон байвал сайн. Эмнэлгээ сонгохдоо анхаарах зүйлс нь:

~ Цэвэрхэн, саруул орчинтой,

~ Ажиллагсад нь эелдэг, чанартай, мэргэжлийн хүмүүсээс бүрдэх

~ Очиход амархан, аль болох гэртэйгээ ойрхон байршилтай

~ Нярай хүүхдийн асаргаа сайтай (эмнэлгээс гарах мөч хүртэл эх, хүүхдийг сайтар халамжлах боломжтой)

~ Эрүүл мэндийн даатгал үйлчилдэг, таны төсөв мөнгөнд тохиромжтой байх.

~ Жирийн төрөлтөд улсын эмнэлэг хангалттай ч, хэрвээ жирэмсэн эмэгтэйн хувьд эрсдэлтэй нөхцөл байдлууд үүссэн бол бүх талаараа нөхцөл боломж нь сайн хувийн эмнэлгийг ч сонгож болно. (эх, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагтай, мэс заслын өрөөтэй гэх мэтийн боломжоор бүрэн хангагдсан)

~ Эх барих эмчээ өмнөөс сонгосон бол тухайн эмчтэйгээ сайтар ярилцан тохиролцож, шөнө дунд төрөх магадлалыг харгалзан гэрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний утас, хаягийг нь лавлаж асуух нь зүйтэй.

3. Мэдээ алдуулах хэрэглэх эсэхээ шийдэх. Юун түрүүнд төрөх эмчтэйгээ уулзаж, мэдээ алдуулагч хийлгэх эсэхээ ярилцах хэрэгтэй. Төрөх үйл явцыг урьдаас мэдэх, тааварлах боломжгүй тул эртнээс гарч болзошгүй аюулаас сэргийлж, эмчтэй зөвлөлдөхөд буруудах зүйлгүй шүү дээ. 

4. Кесар хагалгаагаар төрөх болсон бол. Үүнийг том хагалгаа гэж ойлгох хэрэггүй. Хүүхэд төрүүлэх нь жам ёсны үйл явц тул үүнийг хэт аюултайгаар бодож, хагалгаатай зүйрлэж огт болохгүй. Энэ нь таны сэтгэл санааг улам бүр тавгүйтүүлж, айдсыг нэмэгдүүлнэ. 

5. Төрөхийн өмнөх сургалтанд суусан байх. Эмэгтэйчүүд бид байгалиасаа үр хүүхдээ асрах чадвар мэдрэмжтэй ч  жирэмсэн байх хугацаандаа хүүхдээ хэрхэн хооллож, асрах талаар сурсан байх хэрэгтэй. Ялангуяа нөхөртэйгөө хамтдаа төрөхийн өмнөх сургалтад хамрагдаж шинэхэн үрээ хэрхэн усанд оруулах, хооллох, арчлах гээд бүх мэдээллийг авсан байх болно. 

6. Сэтгэл санаагаа тайван байлгах. Жирэмсэн эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь хүүхдэд болон танд муугаар нөлөөлнө.  Жирэмсэн эх ямар нэгэн зүйлд санаа зовних, сэтгэл догдлох зэргээр стресст ороход түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн умайд очих цус багасч ураг хүчилтөрөгч, тэжээллэг бодисоор дутагдаж, өсөлт хөгжилт нь саатах бөгөөд стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлнө.

7. Иога болон дасгал хийх. Эмчийнхээ зөвлөгөөгөөр жирэмсний 4 сараас эхлээд төрөх хүртлээ жирэмсний үед хийх бие суллах ба амьсгалын дасгалуудыг тогтмол хийж байх нь төрөх үед, төрсний дараа ч жирэмсэн ихэд маш их тустай. Дасгал хийснээр хүний биеийн булчингууд уян хатан болдог учраас жирэмсний үед хатуурах, хэт шахалтаас үүсэх зовиурууд багасч, төрөх явцад савны агшилтыг түргэсгэхэд тустай байдаг. Савны агшилтад тохируулан амьсгалаа авч, гаргах, биеэ суллах нь төрөлтийг удирдаж буй эмнэлгийн багтай сайн хосолж, өвдөлтийг илүү бага мэдрэх болно. Мөн түүнчлэн эхэст очих цусны хэмжээг нэмэгдүүлснээр, эх өөрөө ч өдөр тутамд хямрах, стресстэх нь бага байдаг байна.

8. Зөв амьсгалах. Төрөлтийн үед та зөв амьсгалж чадвал хүүхдээ бүтэлттэй төрөх эрсдлээс хамгаалж чадна. Эмэгтэйчүүд маань оюун ухаанаараа, биеэрээ төрдөг болохоор биеэрээ ажиллах хэрэгтэй. Төрөхийн тулд эмэгтэйчүүд биедээ итгэж сурах хэрэгтэй. Биеийн болон амьсгалын дасгал сайн хийснээр, тэд өөрийнхөө хүч чадлыг мэдэрч өөрөөрөө төрж чадна гэдгээ ойлгоно. 

9. Бусдаас ичихгүй байх. Жирэмсэн эхчүүдийг төрөхөөс өмнө шулуун гэдсийг нь цэвэрлэдэг. Ингэсэн тохиолдолд төрөх үед таны өтгөн гарах вий хэмээн айж, ичих шаардлагагүй. Бүдүүн гэдсийг тань цэвэрлэчихсэн тул, дүлсэн ч өтгөн гадагшлахгүй. Тиймээс зөвхөн эмчийнхээ хэлсэн үгэнд анхаарч, айж сандралгүй хүүхдээ төрүүлээрэй. 

10. Юу хийхээ та өөрөө мэднэ. Та ердөө л өвдөлт өгөхийг хүлээж, оновчтой мөчид дүлэхэд хангалттай. Таны бие цаанаасаа бүгдийг мэдээд хүүхдийг төрүүлчих тул тэгтлээ би яах билээ хэмээн санаагаа чилээх шаардлагагүй. Та эмчийн үгийг сайн сонсож, дүл гэсэн цагт нь дүлэхэд хангалттай. Ингэснээр хүүхдээ эсэн мэнд төрүүлж чадна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй