blog image

Жирэмсний 5 дахь долоо хоног

2020-10-23 14:30:26

Хариуцлага, хариуцлага, хариуцлага ....Үр тогтолтоос хойш 16 дахь хоногт ургийн хөгжил маш эрчимтэй явагдаж эхэлнэ.

Үр тогтолтоос хойш 17-19 дэх хоногт ураг болон түүнийг агуулж буй шингэн бөмбөлөг маань лийр хэлбэртэй болсон байна. Ургийн толгой хэсэг нь сүүлнийхээ хэсэгтэй харьцуулахад илүү том. Өнөөдрийг хүртэл ураг маань ганцхан эсээс бүрдэж байсан бол одоо өөр хэлбэр дүрсэд шилжих болно. Ургийн зүрх, тархи, нуруу нугас, булчин болон ясны хөгжил аль хэдийнээ явагдаж эхэлсэн. Хамгийн гол хэсэгт ургийн зүрхийг бий болгох эсийн бүрдэл тогтсон байгаа. Урагт хамгийн түрүүнд зүрх хөгжих ба түүний зүрх нь аль хэдийнээ цохилоод эхэлсэн байгаа. Гэвч одоогоор түүнийг ЭХО-гоор ч харах боломж хараахан болоогүй байна. Ургийн цусны эсүүд бий болж улмаар судлууд нээгдэж эхэлсэн байгаа. Ургийг тэжээгч эхэс нь түүнийг бүлээхэн, аюулгүй орчинд хамгаалж, аль болох чөлөөтэй хөдлөх орчинг бүрэн бүрдүүлж өгч, эх-ураг хоорондын холбоосыг бий болгох шаардлагатай давхаргыг хөгжүүлж өгнө. Үр хөврөл нь энэ 7 хоногт дунджаар 1,25мм-ийн хэмжээтэй байна. 5 дахь 7 хоногийн эхэнд үр хөврөл 0,2-0,6 мм өндгөн хэлбэртэй байсан бол энэ 7 хоногийн эцэст 1,5-2 мм болсон байна. Ургийн хөл гарын загвар тодорхой болсон байгаа. Уушги нь хөгжиж эхэлсэн байгаа. Эхээс тэжээгдэх, эхээс хүчил төрөгч, цусан хангамжийг үр хөврөлд шилжүүлэх үүрэгтэй эхэс бүрдэн бий болсоор байгаа.

Жирэмсний 5 дахь долоо хоногт эхэд гарах өөрчлөлтүүд:

- нойр хүрэх,

- бие тавирах,

- хөх чангарч, хөндүүр болох

- хөхний толгой хар хүрэн өнгөтэй болох,

- хөхний толгойг тойрсон хүрэн хэсэг томрох,

- хөхөн дээр гүрийх хөх судас тодорч, хөхөнд сүү боловсрох явц эхэлнэ.

- Доогуур цагаан өнгийн юм гарах нь ихэснэ. Гэвч зарим эхчүүд энэ өөрчлөлтүүдийг анзаарахгүй ч өнгөрч болно.

- Харин заримд нь аль хэдийнээ дотуур муухайрах, огиулах үзэгдлүүд эхэлсэн байна.

- Ойр ойрхон шээх, сарын тэмдэг ирэх гэж байгаа мэт хэвлийгээр, нуруугаар өвдөх нь зүйн хэрэг.

5 дахь 7 хоногийн мэдээлэл:

Сарын тэмдэг ирэх байсан хугацаанаас 10 хоног хэтэрсэн тохиолдолд жирэмсэлсэн эсэхээ ЭХО-н тусламжтайгаар мэдэх боломжтой болдог. Эхний 3 сард ЭХО дурангаар доогуур үзлэг хийвэл, хүүхэд зулбадаг гэсэн ташаа ойлголт байдаг. Үр тогтсон эс эхэндээ усан үзмийн ширхэгтэй ижилхэн, дотроо усаар дүүрэн байдаг. Жирэмсний явцад сайтар чанаж болгоогүй түүхий махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Түүхий махаар дамжин таны биед болон улмаар үр хөврөлд тань олон төрлийн нян халдварлах аюултай учраас энэ анхааруулгыг ойшоож үзэх нь зүйтэй болов уу.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй