blog image

Жирэмсний 7 дахь долоо хоног

2020-10-23 14:33:02

Дааврын тоо маш хурдан нэмэгдэж байгаа нь таны нүүрний арьсыг гэмтээх магадлалтай.

Иймээс зөөлөн цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэж, цэвэр усаар сайтар нүүрээ зайлж угаах хэрэгтэй. Дотор муухайралтыг багасгах зорилгоор В6 амин дэмийг уувал энэ нь нөгөө талаараа таны арьсны бүтцийг хамгаалах талтай.

Таны нуруу хэсэг бүдүүрч өмнө нь өмсдөг байсан хувцаснууд тань таарахаа больж эхэлнэ. Өтгөн хатах зовиур эхэлнэ.

Сарын тэмдэг ирэх гэж байгаа мэт өвдөлт мэдрэгдэж болох бөгөөд шөрмөс татах ч үзэгдэл илэрнэ. Гэвч бага зэргийн цус доош гарвал та эмчид хандах хэрэгтэй.

Ихэнх эмэгтэйчүүдийн хөх нь томорч, улам эмзэг болж, хөхний хүрэн хэсэг тодордог. Хөхний даруулгаа нэг размерээр томсгож, боломжтой бол хөхний тулгууртай даруулга зүүх нь зүйтэй.

Хэвлий дотор савны хэмжээ тань өдөр ирэх тусам томорч байгаатай холбогдуулан давсгийг дээрээс нь дарж улмаар ойр ойрхон шээх явдал гарна. Энэ явдал нь жирэмсний хугацаанд өөр өөр хэлбэрээр байнга илэрч байх болно.

Жирэмсний даавар ихсэж байгаатай холбогдуулан эхийн цусны даралт багасна, удаан хугацаагаар хөл дээрээ зогсох эсвэл огцом босох зэрэг үйлдлүүдэд толгой эргэж болно. Энэ үед та 1-2 кг жин нэмнэ, эсвэл хордлогоосоо шалтгаалан жин хасна. Аль аль нь хэвийн үзэгдэл тул та сандрах хэрэггүй. Таныг гаднаас нь харахад жирэмсэн эмэгтэй гэдэг нь мэдэгдэх хараахан болоогүй байгаа.

Таны хүүхэд энэ долоо хоногт:

Энэ долоо хоногт таны хүүхэд 9-11 мм-ийн хэмжээтэй, 1 граммын жинтэй болсон байх ба жижигхэн вандуй шиг байгаа гэсэн үг юм. Ургийн толгой хэсэг нь биетэй нь харьцуулахад нэлээн том хэлбэртэй.

Нүүр нь хэлбэрээ олсон.

Нүдний ухархай бий болж эхэлсэн бөгөөд энэ нь хар цэг шиг л харагдаж байгаа.

Хамар, чихний нүх хэсэг тодорч, жижигхэн нүх маягаар гарч ирнэ.

Нүд, чих нь ийм эрт бүрэлдэж байгаа нь эдгээр эрхтэнүүд нь ургийн тэнцвэрт болон сонсголд эн тэргүүнд нөлөөтэй эрхтэнүүд учраас юм.

Хүүхдийн арьс нь нимгэн бүрхүүл хэлбэртэй бүрэлдэж байгаа.

Хүүхдийн тань тархи хурдацтай хөгжиж, нүүрний хэлбэр дүрс нь одооноос загвар төдий л байгаа.

Хүүхдийн зүрх нь одоо баруун, зүүн тасалгаатай болсон бөгөөд ЭХО-гоор харахад зүрхний цохилт нь мэдрэгдэнэ, 1 минутанд ойролцоогоор 150 удаа цохилно.

Эхсээс үр хөврөлд ирэх цус элгэнд нь хүрч байгаа.

Хүүхдийн тань хоолой хэсэгт улаан хоолой, амьсгалах хоолойн хуваагдах явц гүйцэж, 2 хоолой хэлбэртэй болсон байгаа. 2 уушги нь цээжнийх нь баруун, зүүн хэсэгт байршлаа олсон.

Гар нь харахад гар хэлбэртэй, тохой, бугуй хэсэг нь тодорхой болж эхэлж байгаа. Харин хөл нь нарийхан, хөлийн хуруу, өсгий хэсгийн загварын хөгжил явагдаж байгаа.

Бүдүүн, нарийн гэдэс нь хүйн холбоос дотор хөгжиж байгаа.

Жирэмсний 7 дахь долоо хоногийн мэдээлэл:

Хоосон жирэмслэлт хэмээх дотроо усаар дүүрэн /хүүхэдгүй/ жирэмслэлт гэж байдаг. ЭХО-гоор ургийн зүрхний цохилтыг шалгаж үзэхэд зүрх цохилж байгааг энэ 7 хоногт мэдэх боломжтой бөгөөд хоосон жирэмслэлтийн үед эхийн сав хоосон байгааг тогтоох боломжтой байдаг. Гэвч дөнгөж жирэмсэлсэн эхийн хэвлийд ч мөн ургийн зүрх мэдрэгдэхгүй учраас энэ оношийг тавихын тулд 7 хоногийн дараа дахин давтан үзлэг хийлгэх шаардлагатай. Энэ 2 тохиолдолд хоёуланд нь эхэд жирэмсэн хүнд үзэгдэх бүхий л шинж тэмдгүүд ижилхэн илэрнэ. Өөрөөр хэлбэл хоосон жирэмслэлт гэдэг маань үр тогтолт явагдаж, харин эхийн хэвлийд хүүхэд огт бүрэлдээгүй ус байгааг тогтоосноор оношлогдоно гэсэн үг.

Хэрвээ хоосон жирэмслэлт гэдэг онош нотлогдвол түүнийг зулбуулж гадагшлуулах боломжтой. Өөрөөр түүнийг эмчлэх ямар ч арга байхгүй. Хоосон жирэмслэлт нь хромсомын асуудалтай холбоотой ба эцэг, эхийн аль нэгэнд удмын ийм асуудал байхгүй бол удамшлаас үүсэлгүй гэж үздэг. Удамшлынх биш бол үр тогтолт явагдсан өндгөн эс эсвэл эр бэлгийн эс нь чанаргүй, асуудалтай байснаас болоод үр тогтоогүй гэж үзнэ. Ийм учраас ургийн хөгжил огт явагдаагүй байсан байна. Удамшлынх биш бол тухайн эх дээр хоосон жирэмслэлт дахин давтагдахгүй. Дараачийн удаад эрүүл жирэмслэлт явагдах болно.

Хооллох зөвлөмж:

Ямар нэгэн зүйлийг идмээр санагдах эсвэл ямар нэгэн зүйлээс жигших, огуйлах зэрэг үзэгдэл нь ихэвчлэн жирэмсний эхний 3 сарын хугацаанд анзаарагддаг бөгөөд үүний шалтгаан нь жирэмсний даавар хэт их өссөнтэй холбоотой байдаг. Хэрвээ 5 сартай жирэмсэн хүн дээр ийм тохиолдолд анзаарагдаж байвал сэтгэлзүйтэй нь холбож үзэх хэрэгтэй. Эх ямар нэгэн зүйлийг идмээр санагдаж байвал, хэрвээ тэр зүйл нь өөрт нь ойрхон, авах боломжтой бол түүнийгээ заавал идэх нь зүйтэй. Хэрвээ олдохгүй зүйл бол түүнтэй ижил төстэй ямар нэгэн зүйлийг идэх хэрэгтэй. Учир нь идмээр санагдаж байгаа зүйл бол таны биеэс танд ирж буй сануулга, дохиолол хэмээн үзэж тухайн хүсэлтийг аль болох биелүүлэхийг хичээвэл сайн талтай.

Зарим жирэмсэн эхэд ямар нэгэн зүйлийг идэхийг хүсэх тохиолдол олон гардаг ч, нөгөө талаасаа зарим идэх юмнаас жигших, дургүйлхэх явдал ч бий. Хэрвээ эх маань шарсан хуурсан зүйлс, хиам мэтийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, кофе зэргээс жигшиж байвал энэ нь сайн хэрэг. Учир нь эдгээр зүйлсийг идээгүй гээд түүнд алдах зүйл огт байхгүй. Харин жигшиж буй зүйл нь эх, хүүхэд хоёрт амин дэм өгөх /сүү, загас, мах, зарим жимсний төрлийн/ зүйлс бол үүнд ямар нэгэн шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй. Эх маань эдгээр зүйлсийг идэх гэж өөрийгөө бага зэрэг хүчилж болно. Эсвэл ижил төрлийн амин дэмийг түүнд өгөх өөр хүнсний бүтээгдэхүүнийг идэх хэрэгтэй. Эмчийн заавар зөвлөгөөний дагуу жирэмсний амин дэм мулти витаминуудыг ч хэрэглэх боломжтой.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй