Жирэмсний 8 дахь долоо хоног
Хэдий гэдэс тань томроогүй ч жирэмсний хамгийн чухал өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Хамтдаа уншиж зөвлөгөөнүүдээ дагаарай. Та өөрийн харьяа дүүргийнхээ эмнэлэг, эмчийн хяналтанд жирэмсний 6-10 долоо хоногтойдоо орох ёстой.
Өрхийн эмнэлэгтээ хандаж, улмаар дүүргийн хяналтын эмчдээ очиж тодорхой шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай. Эмч танаас цус, шээс, мазок, ДОХ-ын шинжилгээ авч, ургийг хэт авиан аппаратаар оношилж, танд доогуур үзлэг хийнэ. Та эмчийн хяналтанд эрт орсноор гарч болохуйц эрсдлүүдээс өөрийгөө болон хүүхдээ хамгаалж байна гэсэн үг юм.
Энэ долоо хоногт цусны даралт тань багасч, толгой эргэх үзэгдэл ажиглагдах болохоор үүнд санаа зовох хэрэггүй. Хамгийн ихээр ажиглагддаг нэгэн үзэгдэл бол хоол шингэхгүй, гэдэс дүүрэх, цанхайх явдал байдаг. Энэ нь жирэмсний даавар хэт нэмэгдснээс хоол боловсруулах явц удааширдгаас үүдэлтэй юм. Ийм болохоор та аль болох биедээ эвтэйхэн хувцас өмсөж аль болох гэдэс дүүргэх үр дагавартай хоол хүнснээс хол байх нь зүйтэй. Хоолоо бага багаар, ойр ойрхон идэх хэрэгтэй.
Тан жин аажим аажмаар нэмэгдэж эхэлнэ. Нийт жирэмсний хугацаанд эмэгтэйчүүд 8-16 кг жин нэмдэг. Зарим эхчүүд эхний 12 долоо хоног хүртэл огт жин нэмдэггүй. Тэр битгий хэл жин хасдаг. Хяналтын эмч тань таныг үзэх бүрдээ биеийн жин, цусны даралтыг тань байнга үзэж, хянаж байх үүрэгтэй. Хэвийн бус ямар нэгэн зүйл ажиглагдвал эмч тань зохих заавар зөвлөгөөг өгөх болно.
Давсаг чинэрч ойр ойрхон шээхийн зэрэгцээ шээхдээ зовиурлаж байвал та үүнийг эмчдээ заавал хэлэх хэрэгтэй. Учир нь шээсний сувагт өрөвсөл үүссэн байж мэдэх учраас эмч танаас шээсний шинжилгээ хүсч магадгүй. Мөн өрөвслөөс гадна саахар, уураг, кетон гэх мэтийн зүйл шээсэнд илэрвэл энэ нь жирэмслэлтийн эрсдэлтэй дохио болох нь тэр.
Та цусныхаа бүлгийг мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол цусны төвд хандан бүлгээ тогтоолгох нь танд тустай.
Танд энэ 7 хоногт дараах зовиурууд илэрч болох юм:
- Өглөөгүүр дотор муухайрах,
- Тамир тэнхээ муудах,
- Өтгөн хатах,
- Хөх хөндүүр болох, хөх томорч, хөхний хүрэн хэсэг тодрох,
- Ойр ойрхон шээх,
- Толгой өвдөх, цээж хорсох.
Энэ 7 хоногт таны хүүхэд:
Таны хүүхэд одоо 10-13 мм биетэй, ойролцоогоор 2 гр. Интоорын хэмжээтэй.
Таны хүүхэд хором бүр хөгжин өөрчлөгдөж байгаа.
Ургийн тархи хөгжиж байгаа учраас биетэйгээ харьцуулахад илүү том байгаа.
Ургийн зүрх 4 тасалгаатай болсон ба биеийн цусан хангамж явагдаж эхэлсэн.
Таны хүүхдийн чихний дэлбээ ургаж эхэлсэн. Одоо нүд, хамар, чихийг нь тодорхой харах боломжтой.
Одоохондоо таны хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжгүй ч эсүүдийн өндгөвч эсвэл төмсөг болон бүрэлдэх явц эхэлсэн байгаа.
Ургийн булчин сунаж агшиж эхэлсэн ч, түүний хамгийн эхний энэ хөдөлгөөнүүдийг та мэдрэх боломжгүй.
Бүдүүн, нарийн гэдэс одоо хэрнээ хүйн холбоосон дотор хөгжиж байгаа ч, ургийн хэвлий хэсэг рүү аажим аажмаар дөхсөөр байгаа.
Гар нь ургаж, гарын сарвуу хэсэг биелэлээ олох явц үргэлжилж байгаа ч, хуруунууд нь одоогоор маш богинохон, загвар төдий байгаа.
Мөгөөрс, ясны бүтцийн хөгжил үргэлжилсээр.
Энэ бүхэн ийм гайхалтай, төгс, хурдацтай, нэгэн зэрэг явагдаж байгаа нь үнэхээр гайхалтай биш гэж үү?
Жирэмсний 8 дахь долоо хоногийн мэдээлэл:
Ургийн эрүүл бойжилтод жирэмсний эхний 12 долоо хоног маш чухал байдаг. Учир нь энэ долоо хоногуудад ургийн хамгийн чухал хэсгүүд, эрхтэнүүд бүрэлдэн бий болж, хэлбэрээ олдог бөгөөд хамгийн чухал нь тархины хөгжил эрчимтэй явагддаг. Ийм учраас энэ үед эх маань цай, кофений хэмжээг багасгах, ургамлын гаралтай зүйлсийг хэрэглэхдээ зайлшгүй эмчийн зааврыг дагах нь чухал. Хэрвээ татдаг бол тамхинаас татгалзах хэрэгтэй.
Та хүүхдийнхээ хөгжлийн явцыг хэт авиан дуран буюу ЭХО-д харуулан хянах боломжтой. Учир нь ЭХО нь х-рай буюу хорт туяа ялгаруулдаггүй учраас эх болон хүүхдийн хувьд ямар ч сөрөг нөлөөгүй юм. Жирэмсний 8 дахь долоо хоногт ЭХО-д үзүүлж, сүүлчийн сарын тэмдгийн эхний өдөр ба жирэмсний долоо хоног тань хэр уялдаа зохицолдоотой явж байгааг тогтоох үүднээс маш ач холбогдолтой юм. Учир нь таны хүүхдийн хэвлий дэх хөгжлийг үүгээр дүгнэж байх болно. Ялангуяа доогуур цус алдах тохиолдлуудад цус алдалтын шалтгаан, ургийн зүрхний цохилт хэвийн байгаа эсэхийг хэт авиан дурангаар тодорхойлох боломжтой.
Хооллох зөвлөмж:
Жирэмсний явцад цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд ч анхаарах нь зүйтэй. Учир нь жирэмсний явцад зарим ургамлыг хэрэглэх аюулгүй байдаг ч, зарим төрөл нь аюултай байх магадлалтай. Эдгээр ургамлууд нь ихэнх тохиолдолд эхийн хэвлий, савыг базлуулж, зулбалт явагдахад нөлөөлдөг. Зарим нь гэдэс өвтгөх, шингэн алдуулах, дотор муухайруулах, даралт буулгах сөрөг нөлөөтэй. Иймээс ургамлын гаралтай цай болон бусад бүтээгдэхүүнүүдийг хяналтгүй, хэт ихээр хэрэглэх нь зохимжгүй юм.
Хэрвээ та ургамлын гаралтай цайг халуунаар нь уух хүсэлтэй бол уух гэж буй цайнынхаа найрлагыг сайтар уншиж судлан, аль болох таньж мэдэхгүй ургамлын цайг уухгүй байхыг танд зөвлөж байна. Балжимгарам, нимбэг, алим, бөөрөлзгөнө, жүрж гэх мэтийн жимс, ургамлын цайг хэтрүүлэхгүйгээр уухад хор нөлөө байхгүй.
Хэвлийн булчинг чангаруулдаг ургамал, жимсний найрлагатай амтлагчийг ч мөн хоол хүнсэндээ хэрэглэх нь аюултай.
0 Сэтгэгдэлтэй