blog image

Гадаа хонуулж хөлдөөсөн машинаа хэрхэн асаах вэ?

2021-01-06 12:08:53

Гадаа хонуулах битгий хэл, хэдэн цаг гадаа зогсооход л машины хамаг хөдөлгүүр хөлдөж байгаа энэ үед хөлдүү машинаа хэрхэн асаах талаар зөвлөгөөнүүдийг нэгтгэж орууллаа. 

Нэгэнт хөлдчихсөн машинаа яаж асаах уу?

1. Хөлдүү машиндаа суугаад түлхүүрээ нэг түлх. Бүх нэмэлт цахилгаан хэрэгслүүдээ унтраа. Хөгжим, агааржуулагч, салоны гэрэл мэт. Учир нь аккумуляторын цэнэгийг л хямгадаж байгаа нь юм.

2. Хаазаа 1-2 удаа гишгэчих. Магадгүй дизель машинтай бол өвлийн түлш нь жоохон ч гэсэн гүйг. Бензин машин бол шатахууны шугамын бэлэн байдлыг хангах зорилгоор. Уг нь ч түлхүүр 1 түлхсэн байхад шаардлагагүй гэх байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдхэв машин бүр адилгүй шүү дээ.

3. Одоо түлхүүрээ тултал нь дар. Тултал нь гэдэг нь эхний 1 юмуу 2 оролдлогоор астал нь дар. Яг асах гээд ганц 2 тэсрээд байгаа мөртлөө асахгүй бол хаазаа ганц 2 гишгээд өг. Асчихвал маш сайн. Харин асахгүй бол доорх зүйлсийг анхаараарай.

Тэгсэн ч ассангүй, одоо яах уу?

1. Хэд хэд тултал нь дараад мотор асах шинжгүй бол зүгээр л больчих. Заавал аккумуляторын цэнэгийг дуустал дараад байх хэрэггүй. Учир нь цэнэггүй болсон аккумулятор хөлддөг. Хөлдвөл дахин ашиглаж болохгүй. Хэрвээ цэнэггүй болтол нь дарсан бол яаралтай дулаан газарт аккумулятороо оруулаарай.

2. Моторыг туйлдтал нь дарснаас болж свэчэ баяждаг. Сүүлд нь хуурай болгож цэвэрлэх гэж бөөн ажил болно.

3. Асахгүй байгаа учир шалтгаанаа таамаглах. Хэрвээ аккумулятор сайн эргүүлж байгаа хэрнээ асахгүй бол ажлын холимогтой холбоотой асуудал үүссэн байх магадлалтай. Тиймээс хамгийн зөв гарц нь дулаан гараашд чирч оруулах.

4. Хэрвээ аккумулятор тэсэртэл нь эргүүлж чадахгүй бол холбох эсвэл өөр аккумулятороор дэмжих хэрэгтэй.

Ассаны дараа яах уу?

1. Ассан бол, асаж байна гээд л 5 минут нормалдаад унтраагаад явчихаж болохгүй. Энэ үйлдлээ олон хийдэг бол бүр ч болохгүй. Учир нь жанам аккумуляторыг цэнэглэж амжихгүй. Зүв зүгээр асаж байсан мотор нэг л өдөр асахаа больчдог.

2. Тэгэхээр мотор халсны дараа машиныг хөдөлгөхгүй буцааж унтраах гэж байгаа бол бага зэрэг хааз өгч хэдэн минут нормалдах хэрэгтэй. Ингэснээр жанам аккумуляторыг цэнэглэж дараа асах нөөцийг бүрдүүлнэ.

3. Хайбрид машины хувьд мотор халсан ч бензин мотор унтрахгүй байх нь элбэг. Энэ нь энгийн зүйл тул санаа зоволтгүй. Уг нь хөдөлж эхэлвэл цэнэг дүүрч, түүний дараа амрах үйлдэл хийх юм. Унтрахгүй байна гэдэг нь том батэрэй хүйтдээд эсвэл цэнэг нь орж өгөхгүй байна л гэсэн үг. Хайбрид том батэрэй олон км гүйлттэй бол жижиг батэрэйнийхээ цэнэгийг сорж эхэлдэг гэдгийг мартаж болохгүй.

5. Ер нь тэгээд асалт сайтай атлаа асаагаад хөдлөхгүй бол машинаа асаагаад хэрэггүй. Нэгт байгаль орчин хоёрт эдийн засаг гуравт хүн амьтны амгалан тайван байдлыг алдагдуулна.

  • Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.
  • Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно

Харин машинаа хөлдөөхгүйн тулд яаж сэргийлэх хэрэгтэй гээч:

- Хэрвээ гадаа машинн тавих шаардлага гарах юм бол яндангаа ямар нэг зүйлээр бөглөх. Машины тоосны алчуур байж болно. Гэхдээ яндан бөглөх мотор дахь дулаан агаарыг түр хадгалах зорилготой учир, удаан зогсох үед нэмэргүй гэдгийг сануулъя.

- Машиныхаа аккумуляторыг аваад дулаан газар хонуулах. 

- Автомат асаалтын систем тавих.  Моторын температурыг хэмжээд жолоочийн тавьж өгсөн температурт хүрээд машинаа асаагаад мотор халсан үед унтрана. Мөн жолоочийн тавьсан тодорхой цагт температураас үл хамаарч машинаа халаана. Өөрөөр хэлбэл орой ажил тарах, болон ажилд явахын өмнө. нэг асахдаа 10-15 мин асна. Дулаан грашид тавьснаас хямд тусна.

- Сайн бүтээлгээр битүү хучих.

- Вебасто мэтийн бензинээр өөрийгөө халаагч төхөөрөмж авч суурилуулах. Анх худалдан авахад их үнэтэй. Үр дүн сайтай.

- 25-28 орчим хэм хүйтэн хоносон шөнө бол гайгүй. Гадаа хучаад тавьчихаж болно. Гэхдээ аль болох салхи салхилахгүй газар л тавих хэрэгтэй. Харин 30 орчим юм уу түүнээс дээш хэмтэй хоновол дулаан газар л тавих хэрэгтэй. Эсвэл нөмөртэй газар ч юм уу. Ингэснээр машинд сайн, мөн асах магадлал нэмэгдэнэ.

- Хашаа байшинд амьдардаг хүмүүсийн хувьд нэг хямдхан дулаан гаражтай байх арга байна. Нэг салхи нэвтрэхгүй хучлага /дулаалгатай/, нимгэн төмөр сав /хэмжээ нь машин доогуур чинь багтахаар, 40х40см орчим, өндөр нь 15-20см, дээд талдаа тагтай байвал зүгээр/ бэлтгэнэ. Хучлагаа ямар ч салхинд дэрвэх болон хийсэж унахааргүйгээр бэхэлгээтэй хийгээд хучна. Харин төмөр савандаа гэрээсээ гарах нүүрсний халуун нурам хийгээд моторынхоо доор тавиад хононо. Тэртэй тэргүй хаягддаг л үнс шүү дээ. Зардал гарахгүй. Машин өглөө асаахад дулаан гаражид хоносон юм шиг л байдаг юм. Ороод суухад өөдөөс дулаан агаар пүнхийнэ шүү дээ.  

- Болж өгвөл өндөр чанарын (синтетик) моторын тос хэрэглэх. Антифрийзийнхээ градусыг та хүссэнээрээ тааруулж болно. Манайд бол -50 градус байхад хангалттай. Манайхан антифрийзийн оронд ихэвчлэх тосоол хэрэглэдэг. Энэ нь сайнгүй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй