blog image

Төрсний дараах сэтгэл гутралаас гарах аргууд

2021-01-07 16:15:08

Төрсний дараа ээжүүд бидний хамгийн сэтгэл түгшээсэн зүйл бол сэтгэл гутрал билээ. Үүнд бүх ээжүүд их, бага хэмжээгээр ордог. Эмэгтэйчүүдийн даавар болох эстроген болон прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин буюу аз жаргалын гормон болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг. Улмаар амаржсан эхчүүд амархан сэтгэлээр унаж эхэлдэг байна. 

Серитонин дутагдах үед хүнд гуниглах, айх, ганцаардах, хоолны дуршил ихсэх, буурах, нойргүйдэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг бол неоадерналин дутагдах үед анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, мартах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Харин дээрх шинжүүд нь 2-3 долоо хоног ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг. 

За шинжлэх ухааны хувьд ийм байдаг бол үүнээс бид яаж амархан гарч, энэ хугацааг өнгөрүүлэх хэрэгтэй вэ?

  • Сэтгэл зүйгээ бэлдэх. Юун түрүүнд та жирэмсэн болсон үеэсээ эхэлж сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Төрсний дараа та амьдрал дахин эхэлж,  цоо шинэ ертөнцтэй нүүр тулна гэдэгтэй эвлэрэх юм. Сэтгэл санаагаа тайван байлгаж, уур бухимдал төрүүлэх зүйлийг уужуу ухаанаар ардаа үлдээж сурах явдал юм.  Жирэмсний үедээ иогагаар хичээллэж, ажил хийдэг бол өөртөө ачаалал бага өгч сурах. Ихэнх ээжүүд жирэмсэн болоод өөрийгөө нийгмээс тусгаарлаж, найз нөхдөөсөө холдож хөндийрөх гээд байдаг. Хайртай хань нь үргэлж хажууд хамт байх ч эмэгтэй хүн биеэ дааж нийгмийн харилцаанд орж, дуртай зүйлээ хийж сэтгэл ханамж авч сурах хэрэгтэй. 
  • Өөртөө цаг гарга. Жирэмсэн байхдаа сайхан байждээ хүссэнээрээ амарч, хэвтэж, унтаж, дуртай зүйлээ хийж өөртөө цаг гаргадаг байждээ гэж бодож байна уу. Тэгвэл төрсний дараа ч мөн өөртөө цаг гаргах хэрэгтэй шүү. Энэ нь хүүхдээ мартаад суух биш нойр, хоолоо зөв тааруулж аль болох өөрийгөө ядраахгүйгээр бага багаар өмнө хийдэг байсан зүйлээ хийх юм. Ном унших дуртай бол хүүхдийн хүмүүжил, арчилгааны тухай сонирхолтой номнуудаас уншиж эхлээрэй. Дасгал хөдөлгөөн хийдэг бол хэвлий, нуруу, гарны дасгал бага багаар эхэлж болно. Үүнд 10 минут зарцуулсан ч үр дүнтэй. Учир нь төрсний дараа хүүхдээ хөхүүлж удаан сууж, хуурайлж усанд оруулах үед ээжүүдийн нуруу чилж, гар их өвддөг. Дасгал хийснээр чилэх өвдөлт багасах болно. 
  • Агаар салхинд гарах. Цэвэр агаар бол хүний биеийг цэвэршүүлж, сэтгэл санааг дэмжих хамгийн сайн эм. Болж өгвөл хотоос гарч ой модон дунд цэвэрт агаарт гарч байгаарай. Цэвэр агаарт алхангаа юм бодож алхах стресс тайлах сайхан арга шүү. 
  • Сэтгэл гутралд орсоноо нууж болохгүй. Ээж болсон өдрөөс эхлээд бид тархиндаа хүчээр бүхнийг хийж чаддаг, мэддэг байх гэсэн төгс байдлыг суулгачихдаг сул талтай. Ялангуяа 2 дах 3 дах төрөлтүүд дээр ийм л байх ёстой гэх мэт. Үнэндээ амьдрал баялаг шүү дээ. Ямар ч мундаг хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл заавал байдаг. Заавал төгс ээж болох гэж хичээх хэрэггүй. Хайртдаа санаа сэтгэлийг нь зовоож буй асуудлаа үргэлж хуваалцаж, өөрийгөө зөв ойлгуулж ярилцах цаг гаргах хэрэгтэй. Хэн нэгэнтэй ярилцах хэрэгцээ энэ үед үргэлж дутагдаж байдаг. Өдөржин гэртээ хэлд ороогүй хүүхдээ харж, хэнтэй ч ярилцахгүй байх нь төрсний дараах сэтгэл гутралд орох хамгийн том эрсдэл шүү ээжүүд ээ. 
  • Сайн унтаж амрах. Хүүхдээ хөхүүлээд унтуулчихсан, хажуугаар нь ороод унтах гэхээр нэг л болохгүй байна уу. Аргагүйдээ сэтгэл гутралын бас нэгэн шинж бол нойргүйдэлд орох. Энэ үед үргэлж сайн сайхан зүйлс бодож, өөрийгөө тайван унтах орчинг бүрдүүлээрэй. Өрөөндөө зөөлөн үнэртэй лаа асааж, намуухан хөгжим эгшиглүүлж, хүсвэл ном уншин тархиа унтаж амрахад бэлдэх хэрэгтэй. Зүгээр л нүдээ аниад хэвт. Нойр бол дархлааны эм. Нойргүйдэлд ороод л байвал таны дархлаа унаж сэтгэлзүйн асуудлуудад өвчлөмтгий болно. 
  • Найз нөхөдтэйгөө уулзах. Бидний хоёр дах гэр бүл найз нөхдийн хүрээлэл. Хүнд эцэг эхээс заяасан гэр бүл байхад амьдралаас олж авсан үнэт хүмүүс бол найз нөхөд. Ээждээ, аавдаа, ах эгчдээ, бүр нөхөртөө ч хэлэхийг хүсэхгүй байгаа зүйлсээ зөвхөн найздаа л хэлдэг. Тйимээс яг одоо л  та төрсөн найздаа өөрийгөө хамгийн сайн найз гэдгээ харуулаарай . Хоёрхон цаг найзуудтайгаа инээлдэж элдвийг ярилцаж суух нь таны долоо хоногийн эрч хүчийг нөхөн сэлбэх болно. 

Ингээд энэхүү аргууд дээр өөр шинэ сонирхолтой аргуудыг нэмээд байгаарай ээжүүд ээ. Та ганцаараа биш, ээжүүд бидний зүрх сэтгэл үргэлж нэгэн зүгт хамтдаа баярлаж, хамтдаа гуниглаж байдаг. 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй