blog image

Би бусдад хайр түгээгч ээж

2021-01-08 11:09:39

Сайн байна уу. Намайг Д. Хулан гэдэг. 33 настай,  Лхамур ХХК-ний үүсгэн байгуулагч, Ерөнхий технологич. Анх 32 настайдаа анх ээж болсон. Хэзээ ч төсөөлөөгүй их аз жаргал, хариуцлага, бар хөөр, гэнэтийн олон мэдрэмжийг зэрэг мэдэрсэн. 

Хүүхэддээ үргэлж хэлдэг үг

Охин минь жоохон байгаа тул одоогоор мундаг шүү гэж үргэлж урамшуулдаг. 

Өөрийгөө муу ээж гэж бодож байсан үе байдаг уу?

Байдаг. Хааяа живх солихоос залхуурна. Хааяа эрт 5-6 цагт сэрэхэд нь унтаасай гэж өөрийгөө байхгүй мэт төсөөлж жаахан хэвтэнэ, хааяа үгэнд орохгүй байхаар загнамаар санагдахаараа өөрийгөө муу ээж ч юм болов уу гэж боддог. 

Ээж болсоны дараах таны амьдралд гарсан өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэрт байхдаа өөрийгөө хэрхэн хөгжүүлж байсан бэ? 

Би бизнес эрхэлдэг ээж болохоор мэдээж маш олон өөрчлөлтүүд авчирсан. Миний гол зорилго яг 6 сар хүүхэддээ цаг зарцуулж, бор хоолонд ортол хөхүүлэх байсан. Энэ маань амьдралд маш их өөрчлөлт авчирсан. Яагаад гэвэл би гэрээсээ ажлаа зохицуулах шаардлагатай болсон. Энэ үед ихээр хөгжсөн. Яагаад гэвэл алсаас компаниа удирдана гэдэг бол амаргүй байсан. Одоо ковид гээд ер нь л гэртээ хүүхдээ хараад байж байгаа нь надад маш их таалагдаж байгаа. Яагаад гэвэл ажил ихтэй байдаг учраас ингэж хамтдаа байх нь маш их аз жаргал авчирч байгаа. Ер нь л охин минь төрсөн цагаасаа эрүүл байж, өдөр болгон шинэ зүйл сурч, өдөр болгон инээж, баяр баяслаар дүүрэн байдаг болохоор би охиныхоо аз жаргалыг өөртэйгээ шууд холбодог. Би охиныгоо гол нь эрүүл, хайраар дүүрэн, аз жаргалтай хүүхэд байгаасай гэж хүсдэг.

Сэтгэлээр унаж, шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ? 

Би энэ хорвоогийн ганц зовж байгаа хүн биш гэж өөртөө хэлдэг. Мөн мөрөөдөл, зорилго, алсын хараагаа боддог. Би хүчтэй байж, зоригтой байх нь миний гэр бүлд хэрэгтэй учраас хурдан өөрийгөө зоригжуулахыг хичээдэг

Шинэхэн ээжүүдэд хандаж зөвлөж хэлэх үгс?

Нээлттэй байгаарай. Хэрвээ үнэхээр ядраад, эсвэл сэтгэл гутрал мэдрэх гээд байвал нээлттэй тэрийгээ ярилцаж сураарай. Ганцаараа битгий зовоорой. Бас жирэмэн үедээ маш сайн мэдээлэл авч, маш сайн унших юм бол сэтгэл санаагаа бэлдэх боломжтой. Гол нь тайван байж, аливаа зүйлд сандрах хэрэггүй. Хүүхдэд төгс ээж хэрэггүй. Зүгээр л эрүүл саруул, аз жаргалтай ээж хэрэгтэй. Хүн болгон л энэ давааг туулж, зөв ээж байснаар хүүхдээ зөв хүн болгож чадах учраас би ганцаараа биш гэж өөртөө хэлдэг. 

Сайн нөхөр, сайн аав гэж ямар хүнийг хэлэх вэ? 

Манай хүн үнэхээр сайн аав бас сайн нөхөр. Гэр бүлээ бүхнээс илүүд тавьдаг. Гэр бүлийн аз жаргалтай байдлыг эрхэмлэдэг. Сайн нөхөр, сайн аав гэдэг нь төгс хүнийг хэлдэггүй. Харин зүгээр л маш энгийн хайраа харамладаггүй, гэр бүлээ хүндэлж, хамгаалдаг хүнийг л хэлдэг байх.Нөхөртэйгээ илэн далангүй ярилцдаг. Бид 2 анх бүжиглэж танилцаж, шууд бие биедээ татагдсан. Нээлттэй байдал,  инээмсэглэл,  өөртөө итгэлтэй байдал нь хамгийн сайхан. Танилцсан өдрөөс хойш хамт байна.

Би бусдад хайр түгээгч ЭЭЖ

Хүмүүс намайг Лхамур-н Хулан гэдгээр сайн мэднэ. Лхамур бол өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, эх дэлхийгээ хайрлах уриатай хайр түгээгч юм. Би  АНУ-ын Колумбийн их сургуулийг Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний менежментээр, Английн Формула Ботаника сургуулийг Органик гоо сайхны чиглэлээр сурч төгссөн. Монголдоо ирээд Ньюком группт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед агаарын бохирдол, чанаргүй хатуулгатай ус, эрс тэрс уур амьсгал зэрэг гадны сөрөг нөлөөнөөс болж би харшилтай болсон юм. Мэргэжлийн эмч нар надад гадны орчны сөрөг хүчин зүйлүүдийг өөрчилж чадахгүй тул ядаж байгалийн гаралтай зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөг байв.  Тэгээд би өөртөө таарах бүтээгдэхүүн олж чадахгүй байсан тул юу хийвэл дээр вэ? гэж бодсон. Ихэнх бүтээгдэхүүнүүд гадны импортоор оруулж ирсэн, байгалийн органик биш, эсвэл чанар муу гээд олон асуудлууд тулгардаг байлаа. Ингээд би бүтээгдэхүүний талаар ерөнхийд нь бодож, орц найрлагын жагсаалтыг үзэж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь ямар ач холбогдолтой болохыг судалж эхлэв. Миний арьсны асуудал надад асуулт болж хийж эхэлсэн зүйл минь хүсэл эрмэлзэл, урам зориг болж хувирсан юм. Органик бүтээгдэхүүний салбарыг сонирхон судалж, эх орныхоо түүхий эдийг ашиглан органик үйлдвэрлэлээ анх гэртээ  эхлүүлж, хоёр жил хагасын хугацаанд 30 гаруй ажилтантай, нэрийн хоёр дэлгүүртэй болтол бизнесээ өргөжүүлж чадсан минь надад цаашдаа улам их зүйлийг хийхэд урам зориг өгсөн гэж боддог. Би өөрөө органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохоор аль болох эрүүл байхыг хичээж  минималист байдаг. Арьсаа зөв арчилж, хамгаалж, нүүрээ бараг буддаггүй. Дотроосоо гэрэлтэж явахыг хичээж бусдад үүнийгээ түгээхийг хичээдэг. Арьс бол хүний биеийн эрүүл саруул байгааг харуулах толь юм . Өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж, бусдыг хайрлаж мөн гадна хүрээлэн буй орчноо эрүүл байлгаж, эх дэлхийгээ хайрлах ухаанд суралцаж хичээсээр байна. Цаашдаа ч хичээх болно. 

 

 

 






Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй