Би сайн ээжийн үргэлжлэл ээж
Сайн байна уу. Намайг Ч.Ануцэнд гэдэг. 37 настай. А salon de beaute, AB kindergarten үүсгэн байгуулагч. Хоёр хүүгийн ээж. Анх 30 насандаа ээж болж байсан. Тухайн үед дөнгөж караоке, лоунжийн бизнесийн үйл ажиллагаа нээж байсан учир жигдэртэл нь байнга ажил дээрээ байдаг байсан. Нэг удаа ажлаа тараад, үүрээр гэртээ орж ирэнгүүт өвдөж эхэлсэн. Шөнийн нойроо аваагүй би эмнэлэгт өвдөлт эхлэнгүүт л орилж сэрээд өвдөхөө болихоор нь унтсаар өдрийн 16 цагт их л удаан өвдөж төрж билээ. Их л чанга орилоод байсан юм шиг байгаан, сувилагч эгч “Битгий орилоод байгаачээ, хажууд чинь 16-тай охин зүгээр төрж байхад гэж загниж байсан. Ээж болсны дараа ээждээ үнсүүлмээр санагдсан бүх л зүйлсийг хайрламаар нэг тийм ер бусын мэдрэмж төрж байсан.
Хүүхэддээ байнга хэлдэг үг
Том хүү маань сурагч болсон учир өдөр бүр хичээл хийж байгаа, тиймээс хичээгээрэй,хичээгээд байвал илүү сайн сурч чадна гэж байнга хэлж байгаа. Хайртай шүү гэдэг үгийг бол байнга хэлдэг.
Би муу ээж гэж бодож байсан үе байдаг уу? Байдаг бол хуваалцаач
Байлгүй яахав, ялангуяа хүүхэд өвдөх үед. Асаргаа халамжаар дутаачихвуу, цаг бага гаргачихвуу, хоол унд дутуу өгчихвүү гэх мэт маш их сэтгэл зовниж тавгүй болдог. Тийм үедээ азжаргалтай ээжийг хүүхэд маань харахыг хүсэж байгаа гэж өөртөө байнга сануулдаг.
Тэгвэл би сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеүдээ дурсаач?
Үнэ цэнэ нэг үеэс нөгөө үед шилждэг. Хэрхэн удамших нь ээжүүд биднээс маш их шалтгаална гэж боддог. Хүүхдүүд маань нийтээрээ сайн боловсрол, хүмүүжилтэй байхад илүү сайхан дэлхийг бүтээж болох....Олон жил гадны оронд амьдарсан, тэнд хүүхдийн эрхийг хамгийн их дээдэлж, хүүхдийн боловсрол, хөгжил эрүүл чийрэг өсөн бойжихуйд нийтээрээ хариуцлагын хүрээнд ухамсарласан байгаа нь энгийн зүйлсээс л ажиглагддаг. Хүүхдээ цэцэрлэгт өгөх үеэс манайд хүүхэд, ээжүүдийн хөгжилд туслах үйл явц асуудалтай байгааг анзаарсан. Ингээд 2 хүүхдийнхээ нэрээр төрийн бус байгууллага байгуулж өнчин болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдэд чадах чинээгээрээ туслах ажлууд хийж эхэлсэн. 2019-онд 1-6 нас хүртэлх хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. АВ киндергартен маань дэлхийд боловсролооороо тэргүүлж буй улс орнуудын стандартыг удаан хугацаанд судалж, хүүхдүүддээ олон талт боловсролыг хөгжилтэй аргаар багаас нь олгох зорилготой. Хүүхэд багаасаа аливаа зүйлийг төвөггүй сурах чадамжтай байдаг, хэдий чинээ эрт, зөв эхэлж чадна, төдий чинээ хамгийн оновчтой хөрөнгө оруулалт хийж байна л гэсэн үг. Орчин үеийн хүмүүс маш завгүй болсон, тэдэнд хүүхэд хүмүүжүүлэх мэргэжлийн туслагч нар хэрэгтэй. Мөн бид оюун ухааны эрин зууны ирээдүйг өсгөж буй. Тиймээс хүүхдийнхээ оюунд хамгийн их хөрөнгө оруулалтаа хийх ёстой гэж боддог. АВ киндергартенд хүүхдүүд маань олон найзуудтайгаа тоглож инээж, сурч, хөгжиж байгааг хараад өөрийгөө сайн ээж шүү гэж бахархах сэтгэгдэл төрсөн. Хүүхдүүдийн инээд хөөр, тэдний аав, ээжүүдийн урмын үгээр ахиад олон ажлыг хамт хиймээр өөрийн эрхгүй санагддаг юм билээ.
Ээж болсны дараах таны амьдралын өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэртээ суухдаа өөрийгөө яаж хөгжүүлж байсан бэ?
Анх ээж болоод сэтгэл зүйн хувьд их сайхан мэдрэмж байсан. Харин бие махбодийн хувьд тарган, арьс суларч нэг л тийм өөртөө итгэлгүй болсон, тиймээс жингээ хасахын тулд иогоор хичээллэсэн. Face Yogа Medhod онлайн сургалтанд сууж, өдөр бүр нүүрний иог хийдэг байсан. Хүүхдийн тархины хөгжил, эрүүл өсөн бойжих талаар ном, судалгаанууд уншдаг байсан. 2 дохь хүүгээ төрсний дараа хүүхдийн боловсрол судлал онлайн сургалтанд сууж байсан.
Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг байлгадаг вэ?
Ээжийгээ боддог, миний ээж их сайн ээж, их сайхан сэтгэлтэй, хүчирхэг эмэгтэй байдаг. Намайг өсвөр насанд байхад аав маань бурхан болоод удаагүй байсан үе нэг шөнө унтаж байгаад сэрсэн чинь ээж маань унтаагүй “Хүүхдүүдийг минь зөв, сайн явуулаарай”гэж шивнээд л мааниа уншаад байсан. Тэр шөнө ээж маань бидний төлөө залбирсаар унтаагүй, миний ч нойр хулжиж, зөв л явах ёстойн байна гээд л их юм бодож байж билээ. Ээж хүн бүр л хүүхдийнхээ төлөө ингэж залбирдаг байх. Залбирах ээж минь байхад юунаас ч айх билээ дээ, юунд ч гуниж гутах билээ дээ гэж боддог, зөв шийдэл олохыг, өөдрөг байхыг хичээдэг.
Өөртөө цаг хэр зарцуулдаг вэ? Гадаад үзэмжиндээ яаж анхаардаг вэ? Баримталдаг зарчим?
Ажилгүй үедээ хүүхдүүдтэйгээ байх дуртай учир гоо сайханд орохоороо бүгдийг нэг дор хурдан л хийлгэх гээд байдаг, даанч гоо сайхан гэдэг их цаг зав шаардлагатай байдаг шүү дээ. Тиймээс мэргэжлийн артист шаардлагагүй өөрөө хийчихээр зүйлээ гэрээрээ аргална. Хувцас хэрэглэлд тренд дагаад таарсан бүхнийг аваад байх дургүй, нилээн бодитоор харж худалдан авалт хийдэг, нэг юм авахаараа нилээн удаан хэрэглэх гээд байдаг гамтай талдаа. Бельгид Гоозүйчээр сурч байсан, тухайн үеэс химийн найрлагат болон орлуулсан бүтээгдэхүүн нь маш хор уршигтай бөгөөд гоо сайхны хэрэглээнд ихээр хэрэглэгддэг гэдгийг олж мэдсэн. Түүнээс хойш аль болох хүний биед хоргүй, сөрөг нөлөөгүй, химийн найрлагагүй бүтээгдэхүүн сонгох дуртай болсон. Салондоо ч гэсэн био органик бүтээгдэхүүн үйлчилгээ бүсгүйчүүддээ өгөхийг зорьдог. Баримтладаг зарчим гэвэл стресстэхгүй байх. Стресс гоосайханд хамгийн муу нөлөө үзүүлдэг, мөн надаас бүрэн шалтгаалах учир хэрэгжүүлэхэд амар, тэгээд бодчихоор бас тайван амгалан амар санагддаг.
Сэтгэлээр унасан үедээ яаж өөрийгөө сэргээдэг вэ?
Сэтгэлээр унагаж байгаа тухайн зүйлсээс бодол санаагаа ангид байлгах гэж хичээдэг. Бушуухан л хүүхдүүд, гэр бүлрүүгээ яарна даа. Хүүхдүүд бол сэргээгч эрчим хүч, тэдний инээдийг сонсоод, хөөрхөн царайг хараад сэргэхгүй байхын аргагүй. Ээждээ тэмүүлж байгаа тэр их хайр нь урам зориг, аз жаргал, баяр баясал, энерги бэлэглэж, тэрхэн зуур л сэргээнэ
Хайртынхаа юунд анх татагдсан бэ? Танилцсан түүхээ хуваалцаач
Миний төсөөлж байсан хүнээс тэс өөр зан чанартай хүн байсанд нь татагдсан. Ямар ч хүнийг ялгахгүй харьцдаг, ухаантай, хөгжилтэй дөлгөөн зан чанар нь таалагдсан. Найзуудаараа явж байгаад анх таарсан. Миний утасны дугаарыг найзаас маань авсан байсан, тэгээд л утсаар их ярьдаг байсан. Миний бодлоор төлөвшсөн, аливаа юманд ул суурьтай хандаж чаддаг хүн сайн аав, сайн хань болдог байх. Төгс хүн гэж байхгүй, гэхдээ үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө аливаа муу зуршилаа хаяж чаддаг, зоригтой эр хүнийг сайн аав, сайн хань гэх болов уу.
Ирээдүйн ээжүүдэд хандаж хэлэх үг
-Ээжүүд бид чинь үрсийнхээ хувьд сахиусан тэнгэрүүд шүү дээ, тиймээс үр хүүхэддээ өгөх хайр №1 байх ёстой. Эмэгтэй хүн төгс байх албагүй, хамгийн сайнаараа хичээж ажил, амьдралын талбаруудаа тэнцвэртэй байлгахыг зориорой. Энэ дунд өөртөө хайртай байхаа, хамгийн дуртай хийдэг зүйлсээ бүү орхиорой гэж хэлмээр байна. Бас бусдыг төдийгүй өөрийгөөө зөв үнэлж, хүндэлдэг нэгэн байгаарай.
5 Сэтгэгдэлтэй
Naraa
Naraa
Super eej
Ч.Сараа
Tseegii