blog image

БИ ХАРИУЦЛАГАТАЙ ЭЭЖ

2021-01-17 20:44:30

Сайн байцгаана уу ээжүүд ээ. Намайг Цэдэвдамбын Оюунгэрэл гэдэг. 54 настай, Ардчилсан намын гишүүн, Жорлонгоо өөрчилье төслийг санаачлагч, зохиолч, хүний эрх зүйч 2 хүүхдийн ээж байна. Анх оюутан байхдаа том хүүгээ төрүүлж байсан. Сургуулиасаа жилийн чөлөө авч хүүхдээ гэртээ харсан. Дараа жил нь сургуулиа амжилттай төгссөн. 

Хүүхэддээ байнга хэлдэг үг

Хариуцлагатай бай. Эрх чөлөөтэй хүн бол өөрөө мэдээд хариуцлагатай байх ёстой. 

Би муу ээж гэж бодож байсан үе байдаг уу? Байдаг бол хуваалцаач

Байдаг. 2012 онд улс төрд идэвхитэй явж байх үедээ охиноо өвдсөн байсныг анзаараагүй хүндрүүлэх шахсан. Аавыгаа эмнэлэгт хэвтүүлэнгээ санамсаргүй охиноо дагуулж очоод эмчид үзүүлсэн чинь дахиад нэг л хоносон бол охин чинь ухаангүй болох байж гэж хэлэхэд маш их айж гэмшсэн. Ээж хүн хүүхдийнхээ өчүүхэн ч шарх сорвийг анзаарахгүй өнгөрөөж болохгүй гэдгийг тэгэхэд дахин ухаарсан. Одоо бол хүүхдүүдэд ямар ч жижиг мэт асуудал гарахад заавал мэргэжлийн хүнд үзүүлдэг болсон.

Тэгвэл би сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеүдээ дурсаач

Стэнфордын Их сургуульд явахдаа хүүгээ, Йелийн их сургуульд явахдаа охиноо дагуулж явсан. Хүүхдүүд маань Америкт очсон хойноо англи хэлийг сайн сурцгаасан. Тэгэхэд би хүүхдүүддээ боломж нээж өгсөн сайн ээж байж чадлаа гэж бодож байсан.

Ээж болсны дараах таны амьдралын өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэртээ байх хугацаанд өөрийгөө яаж хөгжүүлж байсан бэ?

Хүүхдүүдийгээ нялх байхад гэртээ л хүүхдээ хардаг байсан. Эхний хүү дээрээ ном унших, хөгжим сонсох, дасгал хийхээс цааш хэтэрч чаддаггүй байсан. Хоёр дахь хүүхэд буюу охин маань харшилтай байсан болохоор байнга тэврүүлдэг байсан тул надад өөрийгөө хөгжүүлэх цаг ер гардаггүй байсан. Тэр үед ТВ-ээр олон ангит кино үзэх, цагийн хүрд үзэх зэргээр л мэдээлэл авдаг байлаа. Харин хүүхдийнхээ бойжилтийг маш анхааралтай судалж анзаарч их л хоббитой ажилладаг ээж байлаа. Тэр өдөр тутмын ажиглалтаас маш их юм сурч амьдралыг ойлгож авсан. 

Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг байлгадаг вэ?

Өдөр бүр ямар нэг байдлаар л өөрийгөө зоригжуулах хэрэг гардаг шүү дээ. Заримдаа бүр нэг сайхан үс зүсээ гоё гоодож байгаад толинд харж зоригжуулах хэрэг гарна. Ажлын үр дүн бага багаар нэмэгдээд байхад л хамгийн их зоригждог. Ийм учраас өдөр бүр өөртөө нэг “гэрийн даалгавар” өгдөг. Өнөөдөр би энийг амжуулна даа гэж дотроо боддог. Тэр гэрийн даалгавараа хийчихвэл тэгээд л өөртөө итгэлтэй болоод байдаг. Эргээд харсан чинь өөртөө өдөр болгон өгч байсан тэр олон гэрийн даалгавар маань 12 ном, хоёр гадаад хэл, хэдэн зуун хуудас нийтлэл, орчуулга болж үлдсэн байна. Бас зөндөө дасгал хийж, алхсан километроо тоолох юм бол сонирхолтой их тоо гарах байх.

Ирээдүйн ээжүүдэд хандаж хэлэх үг

Наад захын эрүүл мэндийн боловсрол (basic health education), хоол тэжээлийн боловсрол (basic nutritional education), сэтгэл зүйн боловсрол (basics of psychology) гурвыг заавал эзэмш гэж зөвлөе. 

Өөртөө цаг хэр зарцуулдаг вэ? Гадаад үзэмжиндээ яаж анхаардаг вэ? Баримталдаг зарчим?

Өглөөний нүүр будалт 1-2 мин, дасгал 20-30 мин, явган алхалт өдөрт 1-2 цаг, өдөр оройн нүүрний тос, сардаа нэг удаа нүүрний маск 15 мин, үсчинд 2 сар тутамд нэг удаа орох гэдгээс өөр гоо сайхны үйлчилгээ хийдэггүй. Гоо сайхны талаар хамгийн гол баримталдаг зарчим бол нойр сайтай байх явдал гэж боддог. Нойр муутай байвал угаасаа царай алдаад явчихдаг.

Сэтгэлээр унасан үедээ яаж өөрийгөө сэргээдэг вэ? 

Эхлээд сайн унтана. Дараа нь тайвшрахгүй бол уйлна. Дараа нь дахиад тайвшрахгүй бол алхаад л байна алхаад л байна. Эсвэл юм угаана. Яагаад ингээд байгаа юм бэ гэхээр стрессний гормонуудыг биеэс зайлуулах гээд байгаа юм. Тэр нөхдүүд нулимс, хөлсөөр л гадагшилдаг. Ингээд стресс багасаад ирэх үед нь толгойгоо өөр тийш нь залах ажил хийнэ дээ. Гоё кино үзнэ, шинэ ном уншина, дуу сонсоно, бүжиг хийнэ гэх мэт зөндөө олон арга байна.

Хайртынхаа юунд анх татагдсан бэ? Танилцсан түүхээ хуваалцаач

Миний ханийн намайг татсан зүйл бол үргэлж инээж явдаг нүд нь. Тэгээд бас их алиа хошин зантай, хэзээд тайван тийм хүн. Хамт байхад амар амгаланг бий болгож аз жаргал өгдөг.  Би ханьтайгаа анх 2000 онд санамсаргүй тааралдсан. Өөр хүнтэй уулзах гэж нэг кафед иртэл миний уулзах хүнтэй нэг ширээнд сууж байсан. Намайг орж ирэхэд зөрөөд босоод явах гэхэд нь би “та суугаач, танилцчихаад явахгүй юмуу” гээд хэлчихсэн. Тэгээд тэр маань даруухан инээж буцаж ширээнд суугаад надад нэрийн хуудсаа өгч байсан. Хожим дөрвөн жилийн дараа бид хоёр гэрлэсэн. Тэгээд одоо дурсаж ярихдаа “чи тэр ширээнд намайг буцаж суу гээгүй бол бид хоёр зөрөх байсан гэж бодохоор аймаар юм тийм ээ” гэж хэлдэг.  

Сайн аав, сайн нөхөр гэж ямар хүнийг хэлэх вэ?

Аавууд өөр өөрийнхөөрөө сайн аав байдаг. Бас өөрийнхөөрөө сайн нөхөр байдаг. Хамгийн эхний үзүүлэлт бол гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээдэг, тэтгэлцдэг аавууд бол яриангүй сайн аав.  Бас хөлсгүй хөдөлмөрийг хуваалцаж гэр дотроо хөдөлмөрлөдөг, хүүхдээ асралцдаг аавуудыг би шүтдэг. Би яг тийм аавынхаа гараар хүн болж өссөн охин юм. За тэгээд бүхнээс илүү аавыг олоод ир гэвэл хажууд нь байхад хэн ч айж бэмбэгнэхгүйгээр тайван байдаг хэрнээ аюул учрахад хамгийн түрүүнд аавдаа хэлдэг байх хэмжээний нөмөр түшигтэй хүн байвал тэр л аав аавын дээд юм даа. 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй