blog image

Хүүхэд өөрөө хэрхэн хооллож сурдаг вэ?

2021-01-21 21:47:29

Хүүхэд бор хоолонд орсоны дараа аажим аажмаар өөрөө хооллож сурдаг. Өөрөө хооллож сурах нь таны хүүхдийн амьдралын хамгийн чухал биеэ даах чадвар шүү. Энэ чадварыг суртлаа ээж та болон таны хүүхдийн нүүр, үс, гар хуруу зэрэг хоолоор булагдаж, шалан дээр тал нь унаж, хөглөрөн хүндхэн юм болно гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүүхэд тань хооллож эхлэх үед аль болох нам гүм орчныг бүрдүүлж, яаруулж шамдуулж хэрхэвч болохгүй. 

Ихэнх хүүхдүүд долоон сартайгаас эхлэн өөрөө хооллохыг хүсдэг боловч түүний гарныхөдөлгөөний ивсэл муу тул бүх хоолоо амандаа хийж  чаддаггүй. Бяцхан үрээ хооллож дуусахад нүүр, амыг нь цэвэрлэх цаас алчуур хажууд нь байлгах. Аль болох гарт нь барихад эвтэйхэн хүүхдэд аюулгүй, эрүүл аяга, таваг хэрэглээрэй. Мөн тод өнгөтэй, элдэв зурагтай байх нь хүүхдийг хоолонд хандуулах анхаарлыг нэмэгдүүлж дуртай болгоно. 

Хүүхдээ өөрөөр нь хооллож сургахад дараах зүйлсүүдийг анхаараарай ээжүүд ээ: 

- Хоолоо идэхийн өмнө хүүхэд өлссөн байдаг тул аягатай хоолыг нь аль болох хол байрлуулж халбагыг нь эхэнд бариулж ээж та давхар халбагадаж өгнө.

- Түүний өлсгөлөн байдал дарагдсан бол хоолыг нь ойртуулж өөрөөр нь хийлгээрэй. Мөн хажуугаар нь давхар халбагадаад л байна.

- Хүүхэд хуруугаа хоолондоо дүрж, гараа амандаа хийж тоглох боловч энэ нь түүнд маш зугаатай санагддаг. Хэрвээ тэр өлсгөлөн хэвээр байвал уурлаж уйлна, тиймээс цадтал нь бага багаар хоолыг нь халбагадаж өгөөрэй. Бусад тохиолдолд хооллох ур чадварыг өөрөө эзэмших ёстой. Олон дахин дадлага хийснээр хүүхэд юмыг атгах чадвар нь илүү хөгжиж, цадсанаа ч илэрхийлдэг болно. 

- Хүүхэд аяга халбагаа газар шидэж унагаах гээд байдаг тул үргэлж хоёр халбага, хоёр аяга хэрэглэж байгаарай. 

- Мэдээж хоолны хажуугаар ам нь цангадаг тул бүлээн шингэн зүйл бага багаар уулгаарай. 

Би хүүхдэдээ хэр хэмжээний хоол өгөх ёстой вэ? 

Хооллох бүртээ би хэр хэмжээний хоол идэх вэ гэдгээ хүүхэд өөрөө шийддэг. Хүүхэд нь зургаан сар хүрсэн бол аяганд нь дөрвөн цайны халбагаас илүүгүй хоол хийж, идээд дуусчихвал ахиад 4 халбага нэмж болно. Зарим үед хүүхэд хоолоо сайн иднэ, зарим үед хоолондоо дургүй байна. Таны хүүхдийн биеийн жин хэвийн байвал санаа зовох хэрэггүй дээ. Ээжүүдийн нүдэнд хоолоо хангалттай их идэхгүй байгаа харагддаг ч яг үнэндээ хүүхэд нь өөртөө хэрэгтэй шим тэжээлээ авчихсан байдаг. 

Манай хүүхэд зөвхөн мах, эсвэл гурил иддэг. Яаж олон төрлийн юмс идүүлэх вэ?

Хүүхэд ямар нэг идэх юманд дасаж, дурлах хугацаа нь 2-3 долоо хоног үргэлжилдэг байна. Та өөр ногоо зэргийг өгөхөө больж болохгүй, гэхдээ идэхгүй байвал хэрхэвч хүчилж, зандарч уурлаж болохгүй. Хэрвээ амин шаардлагатай тэжээл авч чадахгүй байгаа бол эмчээс нэмэлт амин дэмийн хүнсний нэмэлт, дусал авах талаар ярилцаарай.

Би хүүхдэдээ дургүй хоолыг нь идүүлэх гэж хүчээр оролдох ёстой юу? 

Юуны өмнө та хүүхдийнхээ юм идэх хүслийг нь хүндэтгэх хэрэгтэй. Түүний дургүй хоолыг нь дуртай хоолонд хольж бүү хийгээрэй. Хүүхэд аль алинд нь дургүй болдог. Хоолны амтыг бус хэлбэр дүрсийг нь өөрчлөөд үзээрэй. Жишээлбэл таны хүүхэд хүнсний ногоонд дургүй бол түүхийгээр нь мөн шөлөн шингэн болгож өгч болно. 

Энэ аялал үргэлжилсээр таны хүүхэд 15 сартай болоход халбагаар эсвэл дугуйлсан шүдтэй сэрээгээр өөрөө сайн хооллох чадвартай болсон байна. Хоолыг нь хазах хэмжээнд жижиглэн хэрчээд өгөөрэй. 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй