blog image

Clubhouse -т сонсогч байх нь ямар ашигтай вэ?

2021-02-16 13:09:48

Одоогоос хэдхэн хоногийн өмнө, залуусын хамгийн эрэлттэй апп болж шинээр орж ирсэн Clubhouse-ыг сонсоогүй хүн байхгүй биз. Харин хэрэглээний хувьд нэлээн хязгаарлагдмал, хүссэн хүн бүр орж чадахгүй улам олон нийтийн анхаарлыг татаад буй. Наад зах нь андройд дээр татах боломжгүй, заавал хэн нэгнээр уриулж байж нэвтэрдэг нь сонирхолтой. Хэдийн нэвтэрсэн ч, хүссэн хүн бүртээ өөрийн дуу хоолойг сонсгох боломж бас хязгаарлагдмал, заавал модераторын зөвшөөрлөөр ярих, эсвэл өөрөө өрөө нээж бусдыг урих боломжтой. Хэрвээ өрөөгөө зөв сонгож чадвал үнэхээр хэрэгтэй мэдээллээ олж чаддаг нь авууштай юм.

Бага ярьж, их сонсож бай гэж бидэнд нэг ам, хоёр чих заяасан юм шүү дээ хэмээн нэгэн алдартан хэлсэн байдаг.

Хүнийг сонсож сурна гэдэг үнэндээ их хэцүү, хүн болгонд байгаад байдаггүй чадвар. Гэхдээ шаргуу зүтгэлээр хичээнгүйлэн суралцаж чадах аваас энэ чадвар таны амьдралд асар их өөрчлөлтийг авчирч чадна. Яагаад сонсох чадвар маш чухал юм вэ?

  1. Өөрийн мэдлэгийн хүрээг тэлэх боломжтой болдог.

Бид ихэнх тохиолдолд өөр хоорондоо адилгүйгээр сэтгэн бодож аливааг өөр өнцгүүдээс хардаг учираас бусдын санаа бодол, мэдлэг чадвар болон аливааг харах өнцгийг сонсож чадсанаар бид тэрхүү шинээр олж авсан зүйлсээрээ өөрсдийгөө баяжуулж илүү өргөн цар хүрээнд аливааг тунгаадаг болоход тустай.

  1. Харилцаж буй хүнийхээ хэлэх гээд буй үзэл санааг жинхэнэ утгаар нь хүлээн авч чадна. Тухайн хүний ярьж буй дууны өнгө, биеийн дохио зангаа, царайны хувирал гэх мэт болгоныг та анхааралтай сонссоноор цаад хүнийхээ үгсийг яг тэр хүний хэлэхийг хүссэн чигээр нь хүлээж авахад тустай байна.
  2. Хамгийн чухал ач холбогдол бол цаад хүнээ бүрэн ойлгож хүлээж авах.

Идэвхитэй сонсогч бараг л ярьж буй хүний оронд өөрийгөө тавин ярьж буйгаас ялгаагүй. Тийм ч болохоороо тухайн хүний илэрхийлэхийг хүссэн бодол санаа болон дамжуулахыг хүссэн утгыг нь эндээс л та бүрэн ойлгож чадна.

  1. Та идэвхитэй сонсогч байснаар тухайн хүн таны хувьд хэр чухал, хүндтэй хүн бэ гэдгийг илэрхийл байгаа тул энэ нь эргээд тухайн хүний талархлыг танд авчирдаг.

Аливаа нөхөрлөл болон харилцаа холбоо эндээс л хүчирхэгжин батжиж бөх болдог. Дэйл Карнеги өөрийнхөө “Хэрхэн Найзуудтай Болж Хүмүүст Нөлөөлөх вэ” (How to Win Friends and Influence People) номондоо ‘хэрвээ та идэвхитэйгээр бусдыг сонсож сурвал хоёрхон сарын дотор өнгөрсөн хоёр жилд байгаагүй олон найз нөхөдтэй болж чадна’ хэмээн бичсэн байдаг нь сонсож сурах гэдэг ямар ач холбогдолтой вэ гэдгийг батлан харуулдаг.

Тэгвэл яаж сайн сонсогч болох вэ?

  1. Цаад хүнийхээ ярьж буй зүйлд бүх анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойронд болж буй зүйлсэд сатааралгүй ярилцагчийнхаа нүүр өөд эгцлэн харахын хажуугаар тухайн хүний биеийн хөдөлгөөн, царайны хувирал гэх мэт зүйлсийг сайтар ажигла.
  2. Сонсож буй гэдгээ харуулахын тулд үе үе толгой дохин хааяа аахаан, за гэх мэтээр хариу барьж мөн хааяа хааяа тухайн хүний үгсийг ашиглан давтан асуулт асуух нь харилцан яриаг илүү амьд болгож чаддаг.
  3. Зөвхөн цаад хүн чинь ярьж дууссаны дараа л та хариултаа бодож эхлэ. Хэрвээ та үнэхээр сайн анхааралтай сонсож чадсан бол таны хариултаа боловсруулах хугацаа маш хурдан байдаг. Хэрвээ зарим нэг зүйлийг андуурч ойлгосон магадгүй гэж бодогдвол хариу хэлэхээсээ өмнө тухайн зүйлээ заавал лавлаж асуугаарай.

Гэхдээ мэдээж бид заримдаа ямар ч хэрэггүй, үр ашиггүй хүний яриаг сонсоод сууж байх нь түгээмэл. Миний бодлоор тийм үед эвтэйхэн шалтаг гаргаад тэр ярианаас холдон явах нь зүйтэй. Цаг хугацаа гэж ямар  үнэтэй зүйл билээ тиймээс үнэтэй юмаа хэрэггүй зүйл сонсоход зарцуулаад барахгүй өөрийнхөө энергийг барах шаардлагагүй. Та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн удаа хэн нэгэнтэй уулзахдаа та энэ бүхнийг ашиглаад сонсох чадвараа хөгжүүлэх гээд үзээрэй гэхдээ мэдээж та илтгэгчээр уригдаагүй бол шүү дээ.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй