blog image

Гиалуроны талаар БҮГД

2021-03-01 15:20:59

Үнэ биш найрлага чухал, би ингэж хэлэх дуртай. Жаахан цаг гаргаад судлачихвал арьсныхаа онцлогийн дагуу өөрт хэрэгтэй орцуудыг олоод л тохирох бүтээгдэхүүнээ авчихна шүү дээ. Өнөөдрийн найрлагын тайлбараар гиалуроны хүчлийг онцлохоор шийдлээ.

Гиалуроны хүчил гэдэг нь ...
Гиалуроны хүчил нь хүний биеэс ялгардаг нүүрс ус хэлбэртэй нэгдэл. Өөр молекултай нэгдээгүй үедээ энэ хүчил нь байгаа газрынхаа усыг татаж, наалдамхай, нягт, нэг ёсондоо цэлцэгнүүр шиг хэлбэртэй болгодог. Энэ нь өнөөдөр анагаах ухаанд хамгийн өргөн судлагдаж байгаа бодис бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээс авахуулаад нүдний хагалгаанд хүртэл ашиглагдаж байгаа. Энэ хүчлийн бие дэх үүрэг нь юу юунаас илүүгээр усыг тогтоож, биеийн хөдөлгөөнтэй хэсгүүдийг (үе, булчин гэх мэт) чийгшүүлж, чөлөөтэй хөдлөхөд нь тусалдаг явдал юм. Гиалуроны хүчлийн бүтэц болон арьсны давхаргад сайн сууж өгдөг чанар нь үүнийг чийгшүүлэх зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүний ТОП найрлага болгож байна. Өөр ямар ч бодис энэ хүчил шиг усыг өөртөө нэгтгэдэггүй.

Тэгвэл арьсанд ямар хэрэгтэй гэж ... 
Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн. Хэдийгээр гиалуроны хүчил нь биеийн эс бүхэнд байдаг гэж дээр дурдсан ч, арьсны давхаргад хамгийн өндөр хувьтайгаар агуулагддаг. Бүр бидэнд байгаа нийт хүчлийн 50 хувь нь зөвхөн арьсны давхаргад оршдог гэж хэлж болно. Гиалуроны хүчил нь гаднах давхарга (эпидермис) болон жинхэнэ арьсны давхарга (дермис) хоёрын аль алийг нь л бүрдүүлдэг. Залуу хүмүүсийн арьсанд энэ хүчил хангалттай ялгардаг учраас арьс нь зөөлөн, уян хатан байдаг юм. Энэ хоёрыг хүмүүс андуурах нь бий. Нэг нь байхад л хангалттай биз гэж боддог бүсгүйчүүд ч байдаг. Гэхдээ коллаген нь арьсыг чангаруулдаг бол, гиалуроны хүчил нь арьсанд тэжээл өгч, байгаа коллагенийг чийгээр хангадаг юм.  

Сайхан арьсанд гүйцэтгэдэг үүрэг нь зөвхөн чийглэхээр зогсохгүй. Гиалуроны хүчил нь усыг нягтаршуулснаар зайг дүүргэгчийн үүрэг гүйцэтгэж, арьсыг үрчлээгүй болгодог. Яг л зөөлөвч шиг. Мөн нарны хэт ягаан туяанаас хамгаалан, арьснаас усыг зөөж өнгөн давхаргад гаргаснаар чийглэг гэрэлтэй, залуу харагдуулдаг. Харин бидний нас нэмэгдэхийн хэрээр гиалуроны хүчлийн ялгарал, коллагентай хамт багасч арьс үрчлээтэж эхэлдэг.

Гиалуроны хүчилийг нөхөж болно 

 Азаар, үүнийг бид олон төрлийн гадны эх үүсвэрээс авч нөхөөд зогсохгүй арьсан дах усаа хадгалах боломжтой. 

Хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс
Энэ хүчлийг авч болох хүнсний эх үүсвэрүүд бол амьтны элэг, зүрх, бөөр зэрэг дотор эрхтний мах юм. Төмс, чихэрлэг төмс зэрэг цардуул ихтэй хүнсний ногоонуудад ч бас бий. Гадил жимс бол гиалуроны хүчилтэй, мөн үүнийг үүсгэгч магнитай цөөн жимсний нэг. Эдгээр байгалийн гаралтай гиалуроны хүчлийг хүнсэндээ хэрэглэхээс гадна, өөрт ялгарч байгаа хүчлээ бүрэн нийлэгжихэд нь тусалж витамин С, аскорбины хүчил ихтэй жимсний төрлөөс өдөрт 1-ийг идээрэй. Сүүлийн жилүүдэд арьсыг чийглэх болон үе мөчний өвчнийг эмчлэх зорилготой, гиалуроны хүчил бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд олноор гарч байгаа. Гэхдээ ийм хэлбэрээр авч байгаа хүчил үр дүнгээ зуун хувь үзүүлдэг эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй гэдгийг санаарай. 

Ийлдэс, тосноос
Гиалуроны хүчлийн коллагенээс ялгагдах давуу тал нь арьсанд гаднаас нь түрхсэн ч шингэж, үр нөлөөгөө үзүүлдэг. Тосон хэлбэрээр гаднаас нь түрхэхэд гиалуроны хүчил нь агаар нэвтэрдэг давхарга үүсгэж, дермис буюу гүн давхаргад шингэн уян хатан байдлаар хангадаг. Тэрхүү үүссэн хамгаалалтын давхарга нь өөртөө чийгийг “түгжиж” арьсыг залуу толигор харагдуулах маягаар үйлчилдэг юм. Ийм найрлагатай тос, маск,  эссенцийг сонгохдоо ургамлын гаралтай гиалуроны хүчил агуулсан эсэхийг нь шалгаарай.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй