blog image

Өөр дээрээ бүхнийг тусгаад байвал өөдлөхгүй ээ

2021-03-16 03:34:06

Юун сүртэйн чамд хэлсэн юм уу? Энэ үгийг та хэдэн удаа сонсч байв?

Хэрвээ дээрх үгийг хэд хэдэн удаа сонсч байсан бол та бүхнийг өөр дээрээ тусгаж авдаг хүн аж. Ийм төрлийн хүн маш амархан гомддог, бусад хүмүүсийн нүдээр ЭМО байж магадгүй ч тэднийг ингэж дүгнэхээс өөр аргагүй. Учир нь чиний юунд гомдсон, яагаад бухимдсаныг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ санаагаар унах хэрэггүй. Үүнийг өөрчилж болно.

  1. Бусдад гомдохоосоо өмнө өөртэйгөө ярилц
    Их энгийн арга. Яг тухайн цаг мөчид өөрөөсөө ингэж асуугаарай. “Энэ үнэхээр тийм сүртэй асуудал мөн үү?”, “Тэр үнэхээр надад хандаж эсвэл намайг гомдоох гэж ингэж хэлсэн үү?” Ингэж бодоод үзвэл шууд хариу үйлдэл үзүүлэхээс чинь хамгаалах болно.

“Тэр намайг жаахан ч гэсэн боддог байсан бол ингэж хэлэхгүй л байх байсан...” гэдэг бодлоо “Энэ хүн зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. Тэр үүнийгээ илэрхийлэх эрхтэй хүн шүү дээ. Сонсоод л өнгөрүүл” гэдэг бодол болгож хувиргаж болно. 

  1. Өөрийгөө тэр хүний оронд тавиад үз
    Тэгвэл яагаад чамд таалагдахгүй, чамайг уурлуулах зүйл хэлснийг нь чи илүү ойлгож магадгүй. Бас ийм үг хэлэх болсон шалтгаанд нь чиний ч буруу багтаж болох юм. 3. Сайнаар бодохыг сонго
    Ямар ч үгийг муугаар бодох, сайнаар бодох хоёр сонголт байдаг. Сайнаар бодохыг нь сонго.
  2. Бодол, ухаан хоёроо ялгаж салга
    Ихэнх хүн бодол, ухаан хоёроо ялгаж салгаж чадахгүй байгаагаасаа болоод аливааг хүндээр тусгаж авдаг. Мөн тэр сэдэвт хэдий чинээ эмзэг хандаж байна, төдий чинээ чи ч бас өөрийгөө тэдний хэлж байгаа шиг байх вий хэмээн айж байгаатай холбоотой. Цаад учир шалтгаан нь тэдэнд биш чамд өөрт чинь, чиний хандлагад байгаа гэдгийг ойлгоорой.
  3. Хошигнож сур
    Хошин шогийн мэдрэмжтэй байцгаая! Зүгээр л инээгээд өнгөрүүлчихэж болох л шүү дээ. Хошин шогийн мэдрэмж сайтай, хөнгөнөөр хүлээж авдаг хүмүүс амьдралдаа илүү сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг.
  4. Өөрийгөө бүхний “төв” мэтээр хандахаа боль
    Хэн ч үүрүүлээгүй байгаа ачааг өөрөө үүрэх хэрэг байгаа гэж үү? Бусад бүх хүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь чиний эсрэг юм шиг санагдаж байвал, үнэндээ эго чинь хэтэрхий өндөр хөгжсөний шинж юм. Ихэвчлэн, тэдний үгэнд чи огт хамааралгүй байдаг.
  5. Хүмүүсийн сул талыг хүлээн зөвшөөр
    “Аа, угаасаа л жаахан бодлогогүй хүн шүү дээ!” –Тээр ингээд л бодчихвол ямар ч гомдох юмгүй болчихож байгаа биз? Чи бусдад чин сэтгэлээсээ хандаж, бусдын мэдрэмжийг хүндэлж, аль болох хэн нэгнийг гомдоох үгсийг эвтэйхэн хэлэх онцгой чадвартай нэгэн. Учир нь зүгээр нэг үг ч зүрх зүсдгийг чи маш сайн мэднэ шүү дээ. Гэхдээ тэглээ гээд бүх хүн чам шиг байж чадахгүй. Хорвоо дээр шулуухан, хайнга, харилцааны доголдолтой, муухай ааштай, зэвүүн үгтэй, атаархуу гээд төрөл бүрийн хүмүүс амьдарч байгаа. Гэхдээ тэд тэр чигээрээ л амьдарч байг. Өөртөө халдаалгүй, байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд л болно.
  6. Өөрийгөө бас хүлээн зөвшөөр
    Дээр хэлсэнчлэн, чиний эмзэг цэгийг л хатгаад байгаа учраас өвдөөд байгаа юм. Тэр цэг чинь эмзэг биш болчихвол хэн ч, санаатай санаандгүй хэдэн ч удаа хатгасан яах ч үгүй шүү дээ. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, ямар нэг дутагдалдаа сэтгэл хангалуун бус байхаа болиорой. Тэгсэн цагт хэн юу гэх нь ямар ч хамаагүй болно.

Мэднэ ээ, хорвоогийн эсрэг чи ганцаархнаа зогсож байгаа юм шиг санагдах үе бишгүй. Хүн болгон чамайг л дорд үзэж, хүн болгон чамтай л муухай харьцаж, хүн болгон чиний л сэтгэлийг бодолгүйгээр хүйтэн үг чулуудаж байгаа юм шиг санагдах... Гэхдээ надад итгээрэй, тэдний ихэнх нь чиний тухай огт бодох ч үгүйгээр л тэдгээр үг, үйлдлээ хийсэн байдаг юм. Бас тэд чамд тэгж хандаж байгаа юм биш, угаасаа л өөрөө тийм хандлагатай хүн байсан биз. 

Бүр үгүй юм аа гэхэд, тэд чамайг яах нь ер нь чамд ямар хамаатай юм бэ? Энэ бол тэдний асуудал, чиний асуудал биш шүү дээ. Өөрийгөө хайрлах хайр эндээс л эхэлнэ. Хэн нэгнийг агаарт шидсэн чулуу болгонд өөрөө санаачилгаараа очиж оногдохоо зогсоогоод, бусдын биш өөрийнхөө хийж буй үйлдэлд л ач холбогдол өгөөрэй.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй