blog image

Охидын анхны сарын тэмдэг

2021-03-22 17:58:28

Өсвөр насны охидуудын санааг хамгийн их зовоодог зүйл бол анхны сарын тэмдэг гэхэд буруутахгүй билээ. Охид 11 нас хүрээд л хүүхдийн бие махбодоос цэцэг цэврүү шиг хонгорхон том охины бие рүү хувиран өөрчлөгддөг. Эмэгтэй хүн анхны сарын тэмдэг ирсэн гайхалтай мэдээг хамгийн дотны хүндээ хэлдэг бөгөөд ихэнх охидууд найздаа, эгчдээ, ээждээ, аавдаа дуулгадаг байна. Мөн түүнчлэн зарим оронд охиныхоо анхны сарын тэмдэг ирсэн үед аав нь анхны ариун цэврийн хэрэглэлийг нь худалдаж авч өгдөг байна.Тиймээс эцэг эхчүүд шилжилтийн насан дээр охидтойгоо дотно ярилцаж сарын тэмдэг гэж юу болхыг хэлж амьдралд ямар их чухал болохыг ойлгуулах нь зөв шүү. 

Сарын тэмдэг буюу биений юм гэж юу вэ?

Эмэгтэй хүний бие махбод ялангуяа нөхөн үржихүйн тогтолцоонд давтагдан явагдах мөчлөгт өөрчлөлт юм. Биений юм ирэх нь мэдрэл, дотоод шүүрлийн зохицуулга, эргэх холбооны  механизмаар зохицуулагддаг бие махбодод тодорхой мөчлөгтэй явагддаг нарийн үйл явцын гаднах илрэл юм. Тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн салст давхарга ховхрон үтрээгээр дамжин гадагшлах үзэгдлийг биений юм ирэх гэнэ.

Анхны биений юм /Менархе/ 

Биений юм анх ирэх нас нь хүн бүрт харилцан адилгүй. Анхны биений юм 10-16 насанд ирэх нь хэвийн. Өсвөр насны охидод эхний үед биений юмны мөчлөг нь тогтворгүй байж болно. Аажимдаа 1-2 жилийн дараа тогтмол мөчлөгтэй болно. Анхны биений юм үзэгдсэнээс хойш ихэвчлэн 5-7 жил биений юмны мөчлөг урт байдаг.

Биений юмны мөчлөг гэж юу вэ?

Биений юм ирсэн өдрөөс дараагийн биений юм ирсэн эхний өдөр хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэнэ.

Хэвийн биеийн юмний эмнэл зүйн шинжүүд:

Биений юмны мөчлөг 28 ± 7 хоног

Биений юмны үргэлжлэх хугацаа 4 ± 2  хоног  (2-оос цөөн хоног, 7-оос олон хоног үргэлжилвэл эмгэг гэж үзнэ)

Биений юмны үед алдах цусны хэмжээ   40 – 60 мл     (80мл-с их бол эмгэг)

Биений юмны үед алдах төмөр: 16 мг

24>, 35< хоног үргэлжилвэл зайлшгүй шинжлэх хэрэгтэй

Биений юмны мөчлөгийн үед гарах цусны хэмжээг тооцох:

Биений юм ихээр цус алдах байдлаар ирж байгааг дараах шинжээс харж болно. Үүнд:

  •          - Биений юм нөжтэй гарах
  •          - Ариун цэврийн хэрэглэлийг олон удаа (1.5- 2 цаг тутамд ) солих.
  •          - Ариун цэврийн хэрэглэлийг давхарлаж хийх
  •          - Хувцас цагаан хэрэглэл нэвтрэх, бохирдох
  •          - 10 хоногоос дээш хугацаанд цус гарах

Ямар ч насны эмэгтэйд сэтгэл санаа хямрах, уурлах, ядрах, хүнд ажил хийх, орчин огцом солигдох, ханиад томуу хүрэх зэргээс биений юмны мөчлөг өөрчлөгддөг. Биений юмны үед хүн бүр хуанли хөтөлж сурах нь биений юмны мөчлөгөө тогтоох, өөрийн эрүүл мэндээ хянахад тустай.

Сарын тэмдгийн үед ямар шинж илрэх нь хэвийн бэ?

  • - Хоолны дуршлын өөрчлөлт
  • - Сэтгэл санааны өөрчлөлт
  • - амархан уурлах, төвөгшөөх
  • - Хэвлий хэсгээр өвдөх
  • - Толгой бага зэрэг өвдөх
  • - Батга ихсэх
  • - Хөх хөндүүрлэх
  • - Нойр хүрэхгүй байх
  • - Огиулах

Сэтгэл санааны бага зэрэг өөрчлөлт байж болох ч ноцтой депресст орвол хэвийн бус гэж ойлгоорой.

БИЕНИЙ ЮМ ИРСЭН ҮЕД ЯМАР ДЭГЛЭМ САХИХ ВЭ?

Биений юм ирэх нь эмэгтэй хүн бүрт тохиолддог, хэвийн үзэгдэл учраас айж сандрах болон ямар нэг онцгой дэглэм сахих шаардлагагүй. Биений юм ирсэн өдрүүдэд өдөр тутмын амьдралын дэглэмээ хэвээр үргэлжлүүлж болно. Тухайлбал шүршүүрт орох, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт.

Биений юмны үед үтрээнээс гарах цусыг шингээх зориулалтай, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэнэ. Биений юм ирсэн хугацаа, гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч, ариун цэврийн хэрэглэлийн төрөл, нимгэн зузааныг тохируулна. Аль болох ариун цэврийн хэрэглэлийг удаалгүйгээр (3-с дээш цаг) солих шаардлагатай. Учир нь биений юмны үед умайн хүзүү нээгдэн, умайн салст давхарга ховхрон гарч байгаа тул шархтай талбай үүсдэг бөгөөд, өгсөх замаар бактери орох боломжтой, цус нян үржих таатай орчин болдог тул бэлгийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих нь чухал. 

Биений юм өвдөлттэй ирэх үед өвдөлтийг намдааж болох аргууд: 

  •          - Шингэц сайтай, илчлэг өндөртэй хоол идэх
  •          - Давсны хэрэглээг хязгаарлах
  •          - Шингэн хангалттай хэрэглэх, ус өдөрт 1.5-2 литрээс доошгүй уух
  •          - Ууц нуруун дээрээ, эсвэл хэвлийн доод талд, аль өвдөж байгаа хэсэгтээ бүлээн жин тавих, бүлээн шүршүүрт орох
  •          - Өвдөг, тохой дээр тулж хэвтэх
  •          - Дээшээ харж хэвтэн өвдгөө нугалан тойргоор эргүүлэх
  •          - Явган явах хөнгөн дасгал, хөдөлгөөн хийх
  •          - Өвчин намдаах эм уух

Эдгээр аргуудад үр дүнгүй, өвдөлт ихтэй, дээрх зовууриуд хүчтэй илэрч байвал эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

УМАЙН ХЭВИЙН БИШ ЦУС АЛДАЛТ

Биений юмны мөчлөг алдагдах нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог асуудлуудын нэг. Хугацаанаасаа өмнө ирэх, ирэхгүй саатах, үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй байх зэрэг нь олон шалтгаанаас болдог. Хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн илрэл нь сар бүр тогтмол цусархаг ялгадас бэлгийн замаар ялгарах явдал юм

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1 Сэтгэгдэлтэй
  • Ernestclace
    Perfectly expressed without a doubt! ! buy uk essay cheap essay papers for sale