blog image

Хүүхдээ ямар сургуульд сургах вэ?

2021-03-27 21:20:20

Миний амьдралдаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол үр хүүхэд гэж боддог. Тиймээс эрүүл мэнд, амьдрах орчин цаашлаад суурь хүмүүжил, сургуулийг хүртэл маш сайн тооцоолж, зөв шийдвэр гаргах чухал. Хэчнээн урлаг спортын авъяастай ч амьдралын замаасаа хазайх амархан. Хар мянган удаа олимпиадад оролцож тэргүүн байр эзлэвч амьдрал дээр аргаа олохгүй бол хэцүү. Ингээд бодохоор хүүхдэд зан харилцааны төлөвшил, зөв суурь хүмүүжил хамгийн хэрэгтэй мэт. Үүнд ээж аавуудын амьдралын хэвшлээс гадна, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчийн оролцоо нэлээдгүй том байр суурь эзэлдэг. Тиймээс нэгдүгээр ангийн хүүхдийн сургуулийг сонгох нь ирээдүйд нь хийж байгаа маш чухал шийдвэрүүдийн нэг байж болно. Миний бодлоор эцэг эхчүүдийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сургуулиа сонгохоос илүүтэйгээр, хүүхдийнхээ ертөнцийг танин мэдэхээс эхлэн тал бүрээс нь дүгнэх, мөн өөрсдийн боломж бололцоо, зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа хэд хэдэн үзүүлэлтийг шалгаж байж сургуулиа сонгоорой

Анхны багш

Хүүхэд тань аль  сургуулд сурах хамаагүй. Багш чухал. Зөвхөн сургах арга барил ч биш, ааш занг нь судлаарай. Хүүхдийг тань айлгаж, ичээх нэгэн үү? Эсвэл урам зориг өгч сурах хүслийг нь бадраах багш уу?

Улсын эсвэл Хувийн

Чин үнэнгээр хэлбэл ихэнх улсын сургуулийн програм хувийнхаас хоцрогдолтой. Мөн нэг багшид ногдох хүүхдийн тоо харьцангуй их, анги танхимын хүрэлцээ хомс гээд тоочоод байвал олон дутагдалтай. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхэддээ цаг гаргаж,  анхаарал хандуулж, зөв хүмүүжүүлээд чиглүүлбэл дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн сурах бүрэн боломжтойг нотолсон тоймгүй их жишээ бий.  Тэгэхээр сургуулиас илүү таны анхаарал халамж хамгийн чухал.

Байршил

Гэртэйгээ ойрхон сургууль хамгийн зөв сонголт. Нэгдүгээр ангийн сурагчид цагийн хуваарьт дасах амаргүй, яг л том хүн шиг ядрана, өлсөнө, стресстэнэ. Ядаж манай замын түгжрэл ямар билээ дээ. Цаашлаад хүүхэд томрох тусам бие даан сургуульдаа явна, оройтно гээд бүхнийг бодолцоорой.

 

Орчин нөхцөл

Зөвхөн хичээл хийгээд суухгүй шүү дээ. Биеийн тамирын заал, хүүхдийн аюулгүй байдлыг хангах орчин, цайны газрыг хүртэл анхааралтай судлаарай.

Сургуулийн бодлого

Сургуульд өөрийн гэсэн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг бичиж баталсан, байгууллагын дүрэм байгаа эсэх, түүнийгээ сургуулийн цахим хуудас болон сургуулийн хамт олны дунд сурталчилж байгаа эсэхийг асуугаарай. Өөрийгөө болон бусдыг хүндлэх, хүрээлэн буй орчноо хүндлэх сэтгэлгээг суулгах соёлтой сургуулийг хайгаарай. Насан туршийн сурч боловсрох сонирхол, ажлын өндөр ёс зүйг хөгжүүлэх байдлыг харуулсан тийм жишээнүүдийг асуугаарай. Хамгийн тохиромжтой сургууль нь олон талт байдал, бусдын өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрөхөөс гадна багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа, дэмжлэгийг үзүүлэх болно.

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй