blog image

Ээж ээ намайг хараарай?

2020-11-10 01:53:02

Та намайг энэ хугацаанд юу хийж байсныг мэдэхийг хүссэн биз дээ. Одоо би юу хийж байснаа танд ярьж өгье.

Эхний сар. Ээжээ, та намайг тээж байгаагаа дөнгөж олж мэдсэн энэ сард таны сэтгэлийн хөдлөлийг бараг л би мэдэрч байна.  Би өөрөө өчүүхэн жаахан болохоор ЭХО-гоор харахад бид бие биеэ олж харж чадахгүй ч надад хайртай гэдгийг чинь би мэдэж байгаа. 

Дараачийн сард намайг илүү том, эрүүл саруул олж харахын тулд та эрүүл, зөв, сайн хооллох хэрэгтэй. Нэг сарын дараа уулзъя... 

Хоёрдугаар сар. Тантай танилцах надад үнэхээр таатай байна. Цэг шиг жижигхэн байсан үр чинь энэ сард вандуйн чинээ болж томорлоо. Мөн миний цусны эсүүд, толгой хэсэг бүрэлдэн бий болж эхэлснийг та мэдэх ёстой. Нүд, чих минь бүрэлдэж байгаа. Гар, хөл маань ургах газар жижигхэн товгор үүссэн байна.Таны төлөө цохилох зүрх минь одоог хүртэл бүрэлдэн хөгжсөөр л байна. Миний биед явагдаж буй энэ эрчимтэй өөрчлөлт, хөгжил нь таныг ядрааж, зовиурлуулж байж мэднэ. Гэхдээ та надад хайртай болохоор тэр бүхнийг даван туулахыг хичээж байгааг тань би мэдэж байна. Та надад олон төрлийн аминдэмийг шинэхэн хоол хүнсээр дамжуулан өгсөөр байгаарай. Сарын дараа та намайг хараад үнэхээр их гайхах болно шүү.

Гуравдугаар сар. Сюрприз! Намайг ийм хурдан том болчихно гэж та лав төсөөлөөгүй байсан байхаа, тийм үү? Одоо миний яс, мөгөөрсний эд эс бүрэлдэж байна. Гар, хөл минь нэлээд урт ургасан. Тархи минь хөгжиж, зүрхэн дэх цусны эргэлт явагдаж эхэлсэн байгаа. Жижигхэн булчингууд минь хүчтэй болоод одоо би хөдөлж чадаж байгаа. Ээжээ, та одоо надад хүч тэнхэл нэмэх хангалттай кальци явуулаарай.

Дөрөвдүгээр сар .Ээжээ, таны гэдэс томорч, одоо та намайг гараараа тэмтрэн барьж чадаж байгаа биз дээ? Таны хэвлий хавьцаа гарт тань баригдах жижигхэн товгор бол би. Би тань руу гараа даллаж байна. Бас би хуруугаа ч хөхөж чаддаг болсон шүү. Одоо би 10 см өндөр, вандуй шиг байснаа бодвол овоо том болоод байна. Миний нүд, чих, цусан хангамжийн систем бүр сайн хөгжсөн. Мөн 5 сартайдаа танд 2 гэнэтийн бэлгийг зэрэг барих болно... 

Тавдугаар сар. Би одоо жин нэмж эхэлж байгаа, энэ сараас эхлэн биед минь өөх хуримтлагдаж эхэлнэ гэдгийг та мэдэх үү? Хоёрдугаарт, та намайг одоо илүү ихээр мэдрэх болно. Учир нь би танд мэдэгдэхүйц хүчтэй хөдөлж чаддаг болсон. Зарим үед таны гэдсийг хүчтэйхэн өшиглөж ч мэднэ шүү. Намайг хэвлий дотор тань хөдөлж байгааг мэдрэх танд таалагдах болов уу? Ээжээ, та сайн алхаж, надад зориулан кальциар баялаг хоол хүнс идэж байгаарай. 

Зургадугаар сар. Ээжээ хоёулаа 40 долоо хоногийн урт замын талыг нь туулчихлаа шүү дээ, та үүнийг анзаарсан уу? Би одоо юманд хүрч, юмны амтыг авч, сонсож чаддаг болсон. Таны сонсдог хөгжмийг би ч мөн сонсож байгаа. Таны дуу хоолойг би бусдынхаас ялгаж сонсдог болсон. Мөн таны идсэн хоолны амтыг мэдэрч байгаа. Миний үс, хөмсөг ургаж эхэлж байна. Одоо миний өндөр 17-18 см, жин ойролцоогоор 700 гр болсон байна. Миний уушгины хөгжил явагдаж эхэлсэн. Одоо та миний хийж буй бүх үйл хөдлөлийг мэдэрч чадаж байна уу? Удахгүй би бүр хүчтэй сайн хөдөлж чаддаг болно. 

Долдугаар сар. Миний нүд маш сайн хөгжсөн, бүр тань руу нүд ирмэж чадаж байгаа гээд бод доо. Одоо би та нарыгаа харах юмсан гэж тэвчээр алдан догдолж байна. Ээжээ, би энэ сар маш хурдацтай хөгжиж, томрох болно. Одоо надад энд зай давчидаж эхэлж байна. Хөдлөх бүртээ таныг өвтгөөгүй байгаа гэж найдаж байна. Миний бие махбодь одоо хамаагүй хүн төрхтэй, улам хөөрхөн болсон. Би их эрчимтэй хөгжиж байна. Миний хумснууд хүртэл ургасан байна гээч. 

Наймдугаар сар. Би одоо арьсан дороо өөх хуримтлуулж эхэлсэн болохоор арьсны өнгө минь улаанаас арай ягаан болж эхэлсэн. Одоо би толгойгоороо урвуу харсан байрлалд байна. Ингээд л төрөх бэлтгэлээ хийж байгаа минь энэ. Бас би таны эргэн тойронтой эндээс танилцаж эхэлсэн. Одоо миний уушгины хөгжил бараг л гүйцэж байгаа. Би одоо ойролцоогоор 40 см өндөр, 2 кг жинтэй болсон байна. Миний дархлааны систем бүрэн хөгжиж дууссан. 

Есдүгээр сар.Одоо миний бүх эрхтэн систем бүрэн хөгжсөн. Харин би өөх хуримтлуулсаар байгаа болохоор гар, хөл минь хөөрхөн булцайж байгаа. Одоо миний жин ойоролцоогоор 3 кг гарантай болсон байна. Би одоо амьсгал авч, гаргах бэлтгэл дасгал хийж байгаа. Одоо ч бараг би төрөхөд ерөнхийдөө бэлэн болсон шүү. Таны хайр дүүрэн өвөрт очино гэхээр үнэхээр сэтгэл минь их догдолж байна. Харин та бэлэн биз дээ, би тань дээрээ очиход бэлэн болсон байна шүү!... 




Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй