blog image

Миний нарсист эхнэр

2020-12-08 11:40:59

Нарсист гэдэг нь сэтгэл зүйн нэг төрлийн “эмгэг-disorder” бөгөөд шууд интернэтээр уншсан зүйлээрээ хэн нэгнийг ингэж дүгнэх нь маш буруу юм. Гэхдээ ерөнхийдөө ямархуу хүний хэлдэг, ямархуу шинж чанартай байдгийг нь мэдээд, ойлголт авах, цаашаа мэргэжлийн хүнд хандах эсвэл үүндээ тааруулж харьцах, нөгөө хүнээ ойлгоход нь дөхөм болох болов уу гээд бичлээ.

Ер нь бол нарсист гэхээр шууд л Доналд Трамп шиг нөхөр санаанд бууж байгааз? Бусдыг доог тохуу хийсэн, өөрийгөө магтсан, дээрэлхүү, бусдыг боддоггүй тийм нэг “чанга” нөхөр.

Гэтэл нарсистуудыг дотор нь хоёр ангилдаг юм байна. Нэг нь grandiose, нөгөө нь vulnerable. Grandiose гэдэгт нь дээр тодорхойлолт буюу Доналд маань багтдаг юм байна. Харин vulnerable narcissism арай өөр. Илүү чимээгүй, хальт харахад анзаарагдамгүй байдаг байна.

Энэ нийтлэл маань ч vulnerable narcissism-тай эхнэрийн тухай юм. Хараад байхад нэлээн нийтлэг байдаг шинж бололтой. Эхлээд хэд хэдэн газраас уншиж мэдсэнээ хуваалцая.

Эхнийх нь нэг youtube видеоноос үзсэн
“Нарсист эхнэрийн 10 шинж”:

1. Тэрээр үргэлж л нөхөртөө сэтгэл дундуур байдаг.

Нөхрийнх нь байгаа байдал төрх түүний дургүйг хүргэнэ. Нөхрийнхөө цалинг, хийж буй ажлыг нь гоочилно (эсвэл үнэлэхгүй). Түүний гэр бүлдээ гаргаж буй оролцоог нь, хүүхдүүдтэйгээ харьцах харьцааг нь дутуу үнэлэнэ. Тэр үргэлж нөхрөө доош нь хийх бөгөөд өөрөө “муу гэрлэлтийн” золиос нь болчихсон юм шиг аашилна. Тэгсэн хэрнээ өөр хэн нэгэн эмэгтэй нөхрийг нь сонирхоход маш хүчтэй хариу үзүүлнэ (хардана).

2. Байнга нөхрийнхөө эсрэг зогсоно.

Нөхрийгөө хамгийн муугаар нь төсөөлж, түүнд огт итгэдэггүй. Нөхрийнхөө хийсэн юманд үргэлж эргэлзэж, ихэвчлэн өөр мэргэжлийн хүнээр дахин хийлгэнэ.

Жишээ нь, нөхөр нь гэрийнхээ сантехникийн шугамыг солилоо гэхэд, араас нь “чи яг зөв хийсэн юм уу? Сантехникийн хүн дуудвал яасын? Эсвэл тэрэн рүү утасдаж асуух уу?” гэх мэт …

Яг үнэндээ энэ нь зүгээр нэг юм засахтай ч холбоотой биш, ерөнхийдөө нөхрийнх нь зөв болчих вий, нөхөр нь нэг юмандаа “сайн” үнэлгээ авчих вий гэснээс үүдэлтэй, мөн нөхрийнхөө “юу ч чаддаггүй амьтан” гэдгийг дахин нэг нотлох гэснээс үүдэлтэй юм.

Түүний хувьд нөхөр нь үргэлж л “муу нөхөр” байдаг учир. Алхам тутамдаа тэрийгээ өөртөө батлахыг хүсч байгаа нь энэ.

3. Амжилттай, хүчирхэг, баян чинээлэг өөр нэгний талаар “фантазилдаг”

“Энэний оронд өөр олигтой юмтай байсан бол” гэхчилэн фантазилна. (Тэр нь яг бодит хүн биш, зүгээр тийм хиймэл дүр. Сэтгэлд нь байдаг цагаан морьтой ханхүү шиг л). Энэнээсээ болоод нөхрийгөө үргэлж өөр “амжилттай” хэн нэгэнтэй харьцуулна.

4. Бүхий л алдаа болж бүтэхгүй зүйл, үргэлж нөхрийн буруу болдог.

Түүний амьдралд болж бүтэхгүй байгаа зүйл, буруу гаргасан шийдвэр, одоогийн байгаа байдал гээд бүхий л зүйл нөхрийнх нь л буруу байдаг. Нөхрийн хийсэн зүйл эсвэл хийгээгүй зүйлийн үр дүн л түүнийг ийм байдалд оруулсан гэж үздэг. Тийм ч учраас нөхрийгөө бүх юманд буруутгадаг.

5. Гүн гүнзгий сэтгэлийн харилцаа үүсгэдэггүй.

Гэр бүлийн хүнтэйгээ чин сэтгэлийн холбоо үүсгэж чаддаггүй. Учир нь сэтгэлийн гүндэх юмыг нь хөндсөн яриа болох үед, зугтаж, булзааруулдаг. Заримдаа “Яалгамаар байгаа юм бэ? Юу хэлүүлмээр байгаан?” гэнэ.

Энэ нь сэтгэлийн мухарт байгаа зүйлээ уудалж, өөрийнхөө vulnerability-г ил гаргаснаар улмаар өөрийнх нь байр суурь хөндөгдөж, нарсист байдлаасаа салахаас айсны хэлбэр гэж ойлгож болно.

6. Нөхрийгөө найз нөхдөөс нь харамладаг.

Харамладаг гэхээсээ илүү найз нөхөдтэй байхыг нь хорьдог гэвэл илүү дөхөх байх. Найз нөхдийг элдвээр хэлж, энэнтэй битгий нийл, тэрэнтэй битгий нийл гэж заана.

Адилхан байдлаар, эхнэрийн найзуудыг гоочилбол, “чи хэт намайг хянаад байна” гэж гомдоллоно.

7. Double-standard буюу Шударга бус байдал.

Эхнэр яаж нөхрөө буруутгаж, гомдоллож шүүмжилдэг шиг нөхөр эхнэрээ тэгж шүүмжилбэл, эхнэр нь маш ихээр уурлаж бухимдаж хариу үйлдэл үзүүлнэ. “Өөрөөр яаж ч хэлж байсан зүгээр. Өөрт нь харин юу ч хэлж болохгүй” гэсэн үг.

Энэ байдал нь нөхөрт нь яаж сөргөөр нөлөөлж буйг мэддэггүй, мэдэх ч чадваргүй. Учир нь түүний хувьд нөхөр нь “өөртэй нь жиших хэмжээний хүн биш”.

8. Дотно харьцаанд орохдоо ял юм шиг ханддаг.

Нөхөр нь зүгээр л “секс” хүссэндээ, тэгж хэлсэндээ амаа барьдаг. Сексийг ял шиг хардаг. Харин өөрөө хүсэх үед бол бүх юм зүгээр. (Түрүүний double-standard)

9. Салахаараа дарамтлах, салахдаа хамаг юмыг нь авна гэж дарамтлах.

Жишээ нь, байр сав, машиныг нь авна, хүүхдийг нь өөр дээрээ авна. Ер нь л “нөхрийн гэх”, “нөхрийн сэтгэлээ зориулсан” юу л байна бүгдийг нь авна гэнэ. Өөрт нь хэрэггүй байсан ч, “тийм зовлон мэдрүүлэхийн тулд” нохойг нь ч хамаагүй аваад л явна.

Салсныхаа дараа ч, найз нөхөд, ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдэд нь түүний мууг ярина, “арчаагүй новш” гэж харагдуулна гэж сүрдүүлнэ. (Түүний статусыг байхгүй болгож байгаа хэлбэр)

Энэ тактик ямар үед маш сайн ажилладаг вэ гэхээр, нөхөр нь эхнэрээ шүүмжлэх, эхнэрийнхээ өөдөөс сөрсөн үед ашиглагддаг. Ингэж айлгаснаараа нөхөр нь хариу юм хэлж чадахаа больж, бууж өгөхөөс аргагүй байдалд ордог.

10. Хувиа бодсон, сэтгэлгүй.

Нарсист эхнэр, ямар нэгэн баяр тэмдэглэлт өдөр нөхөртөө бэлэг авч өгдөггүй. Өгсөн ч нээх их хүчин чармайлт сэтгэл гаргадаггүй. Тэрийг нь шүүмжлэх үед маш ихээр бухимдаж, дахиж авч өгөхөө ч болино.

Мөн нөхөр нь өөртөө ямар нэг юм авах тоолонд, “чи наадхаа өөртөө авч байгаа юм бол надад юу авч өгөх юм” гэж барьцана.

Огт бүүр сэтгэлгүйдээ бол биш юм. Өөртөө болон өөрийн хүссэн зүйлдээ бол маш их сэтгэл гаргана. Тэр нь ч нөхөрт нь анзаарагдана. Харин зүгээр тэр сэтгэлээ нөхөртөө болон харилцаандаа гаргахгүй.

Бас өөр нэг нийтлэл дээр Нарсист “эхнэр/нөхрүүдийн” шинж:

  • Continuous praise. Үргэлж магтуулах гэдэг. Шүүмжлэлийг огт хүлээж авдаггүй.
  • One-mindedness. Өөртэй нь л ижилхэн бодож байх ёстой. Нөгөө хүнийх нь зөв байж болох юм гэж боддоггүй. Зөвхөн өөрийнх нь л зөв байдаг.
  • Mind reading. Хэлүүлэлтгүйгээр өөрийнх нь юу бодож байгааг мэддэг байх ёстой гэдэг.
  • One-way empathy. Өөрийнх нь юу мэдэрч байгааг ойлгох ёстой гэж үздэг. Гэхдээ өөрөө бол бусдыг огт боддоггүй.
  • Perfection. Чамайг хийсэн юмаар чинь биш, хийгээгүй юмаар чинь дүгнэнэ. 100 сайн юм хийсэн ч, нэг л алдвал тэрийг чинь л ярина. Бусдыг нь мартчихна.

За ерөнхийдөө “Нарсист эхнэр” гэж хэн бэ гэдэг талаар ойлголт авсан байх тийм үү? Тэгвэл одоо яах уу?

Энэ талаар хамгийн эхэлж хэлэх юм бол “Битгий шууд яаран ийм дүгнэлт хийгээрэй”. Нарсист бол мэргэжлийн хүний тодорхойлох зүйлс. Зүгээр нэг юм уншаад эхнэрээ ингэж дүгнэж болохгүй.

Гэхдээ, хэрэв үнэхээр тийм юм шиг санагдаж байгаа бол, ихэнх хүний зөвлөдөг зөвлөгөө нь “Зугт, зүгээр л зугт” юм билээ. Нарсист эхнэртэй байна гэдэг нь, яг л зоддог нөхөртэй байгаатай л ижил. “Хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх байх. Би л болохгүй байгаа болохоор л ингээд байгаа байх. Хүний нөхөр болчихоод хаяад явна гэдэг нь муухай, энэ хүний засч авах нь миний үүрэг” гэж бодоод харилцаандаа үлдэх нь том алдаа гэнэ. Учир нь хэн ч хэзээ ч өөрчлөгдөхгүй мөн хэн нэгнийг засах нь чиний үүрэг биш, угаасаа засч ч чадахгүй гэдэг юм билээ.

Гэтэл чамд салж чадахгүй шалтгаан байгаа бол яах уу? “Салж бол болохгүй ээ. Харин яаж хамт эвтэйхэн амьдрах вэ?” гэж байгаа бол:

  • Эхлээд энэ нь зөвхөн чамаас болоогүй гэдгийг сана. Энэ бол сэтгэцийн эмгэг. Түүний буруу ч биш, зүгээр л тэр угаасаа л ийм хүн. Өөр дээрээ тусгах хэрэггүй. Байгаагаар нь эхлээд хүлээж ав.
  • Битгий сөр, битгий дарж авах гэж оролд. Угаасаа бүтэхгүй. Тэд нар бууж өгч мэдэхгүй.
  • Хязгаараа тогтоо. Өөрийн гэсэн хувийн хэсэг бий болго, тэрийгээ ойлгуул (эвээр). Тэд бүхнийг хяналтандаа байлгаж байж санаа амардаг болохоор, өөрийн гэсэн орон зайтай байх нь чамд ус агаар шиг хэрэгтэй. Тэгж байж чамд “амьсгалах” газар бий болно.
  • Мөн дээрхтэй адилаар битгий давраа. “Би ингэчихвэл тэр арай гайгүй болох болов уу?” гэж хандах тусам улам л даварч, чамайг улам бага л хүндэлдэг болно.
  • Битгий сэтгэлээ уудал. Хэрэв эхнэр чинь дээр дурдсан шиг сэтгэлээрээ холбогдох чадваргүй бол, битгий сэтгэлээ уудал. Тэгснээрээ улам л чамайг тэрүүгээр чинь базна.
  • Харин өөрийн аз жаргалыг хайж ол. Аз жаргалтай байх газраа ол. Хэрэв эхнэрээсээ аз жаргалаа хайна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Оронд нь өөрийн аз жаргалаа чимээгүйхэн эдэл.
  • Гэхдээ эхнэрээ хайрла. Энэ бүхэн түүний буруу биш шүү дээ. Тэр ч бас учраа мэдэхгүй л яваа нэгэн шүү дээ. Түүнийг зөвөөр ойлгоод, “зөв” хайрла.
  • Өөрийгөө хөгжүүл, өөрийнхөө илүү сайн хувилбарыг бий болго. Энэ нь түүнд ямар нэг байдлаар нэмэр болохгүй ч, чамд өөрт чинь илүү сайхан байх болно.

Ер нь бол сэтгэлээ татаад, өөр жижиг зүйлсээс таашаал аваад, гэхдээ эхнэртээ хайр халамжаа “зохих” хэмжээнд нь үзүүлээд явах нь байна. Нэг бодлын хүйтэн хөндий юм шиг боловч салж явж чадахгүйгээс хойш өөр аргагүй шүү дээ.

ОК, одоо тэгвэл миний хувьд ямар байна вэ гэж үү?

Манай хүн дээр дурдсан 10 зүйлсийн ихэнхтэй нь таарч байх шиг байна. Зарим нь ч бас гайгүй ээ. Тэглээ гээд юу юугүй нарсист гээд дайраад баймааргүй байна. Гэхдээ бараг л тийм байх :)

Мөн салж явах талаар маш ихээр хүсч байвч, хүүхдүүд маань байгаа болохоор дэмий байна. Гол нь нэг нийтлэл байсан юм аа. Тэрэн дээр аав нь явчихсан. Нарсист ээжтэйгээ үлдчихсэн. Тэгээд ээж нь аавынх нь амьдралыг там болгосон шигээ хүүхдүүдээ бас тэгсэн байгаа юм. Тэгээд тэр хэлж байгаа юм “Битгий над шиг болгоорой, ганц нарсист ээжтэй байснаас, арай нэг эрүүл эцэгтэй байх нь хамаагүй дээр шүү” гэсэн байсын. Тэрийг уншаад л, хүүхдүүдээ бодоод үлдэх хэрэгтэйсанагдсан. Манай хүн аягүй бол тийм болж магадгүй.

Тэгэхээр нь би ингэж шийдсэн. Хүүхдүүдээ том болтол яг л сайхан эхнэр нөхөр шиг байя. Дээр дурдсан аргуудаас хэрэглээд өөртөө аятайхан амьдаръя. Эхнэрээ ч элдэвээр бодохоо больё, ойлгож харьцъя. Хүүхдүүдээ анхааръя. Харин том болоод ирэхээр нь, салахгүй ч, тус тусдаа мөрөө хөөе.

Ингэж бодсноос хойш ер нь сэтгэл амар байгаа юм. Өмнө нь бодвол “яагаад ингээд байгаам бол, яаж зүгээр болгох вэ?” гэж их шаналаад байсым шиг байгаа юм.

Аа бас, дээрх 10 шинжийг уншснаас хойш, үйлдэл болгон дээр нь, “аа нөгөө тэд дэх шинж нь байна шд” гэж бодогдоод уур хүрээд байдаг болсон байна лээ.

За за нэг иймэрхүү.

эх сурвалж: https://medium.com/@novio.g/my-narcissist-wife-48faadf6c2a7


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй