blog image

Турцгаая. Танд аль дэглэм нь тохирох бол?

2021-02-04 16:17:17

 

Өвөлжингөө гэрийн хорионд идэж хэвтсээр байтал энэ бие минь хэдийн 10 кг нэмчихлээ шүү. Бүр өөрийгөө хүчлэхийн тулд 20000₮-өөр бооцоот тураах тэмцээнд хүртэл бүртгүүллээ гэж. Тэгээд за яажшуухан турдаг юм билээ, бас хамгийн их жингээ хасчихвал бэлэг сэлт, хэдэн төгрөг нь ч хаа юм гэж бодоод баахан дэглэмүүдийн мэдээлэл цуглууллаа. Та хэдтэйгээ ч бас хуваалцах санаатай оруулчихлаа. Эхлээд хамгийн алдартай дэглэмээс танилцуулна аа

  1. Кето дэглэм

Сайн чанарын өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохих хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг кето гэдэг. Өдөрт авах нүүрс усны хэмжээг хязгаарласнаар хүний бие организмд кетонын бие үүсдэг ба энэ нь өөх тосыг задалдаг.
Энэ дэглэмээр 7 хоногт 7 кг өөх шатаах боломжтой.
Кето дэглэмийн үед идэж болох хүнснүүд:
-Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн (сайн чанарын зайдас,хиам, лаазалсан туна гэх мэт)
– Алмонд самарны гурил, коконатын гурил, маалингын гурил
– Газрын хөрсөн дээр ургадаг усархаг ногоонууд. Бууцай, цэцэгт байцаа, байцаа, яньшуй гэх мэт
-Оливийн тос, цөцгийн тос, шар тос, масло, сүүлний өөх
– Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, аньс, тоор, авакадо, лимон, кокос, тарвас
– Алмонд самар, хушга,
– Өрөм, бяслаг, ээдэм, аарц, цөцгий, зөөхий, чихэргүй ааруул
– Цагаан архи, хуурай вино, виски
– Далайн давс, нуурын давс, хар улаан перц, сой соус, цэвэр халуун ногоо, бяслаг гэх мэт
– 70 хувиас дээш хувьтай сайн чанарын хар шоколад, ногоон цай, хар цай
Идэж болохгүй хүнснүүд:
-Гурил
-Төмс, лууван, манжин, хүрэн манжин
– Транс масло, ургамлын тос
– Дээр дурьдагдаагүй бүх төрлийн жимснүүд
– Тослогийг нь шүүсэн, үйлдвэрийн тараг сүү
– Сахар болон химийн аргаар гаргаж авсан бүх төрлийн амтлагч, зөгийн бал

Хэдээс хэдэн цагийн хооронд хооллох хэрэгтэй вэ?

Энэ дэглэмийн үед хоногийн 24 цагийн 8 цагт нь багтаж хооллож дуусах хэрэгтэй. Өдөрт 2-3 хоол иднэ. Өлсөх мэдрэмж төрдөггүй тул нэг удаагийн хоол хүнд хоол байсан бол нөгөө хоол нь хөнгөн байх боломжтой. Тө өглөө 10 цагт өглөөний цайгаа уусан бол орой 18 цагт оройн хоолоо идсэн байх ёстой. Хэрэв 12 цагт эхэлсэн бол орой 20 цаг гэх мэтчилэн. Энэ хоорондоо шингэн зүйлс маш сайн уух хэрэгтэй.
Анхаарах зүйлс:
Дэглэмийн үед уургаа хянах шаардлагатай. Хэт их уураг нь бөөрөнд муугаар нөлөөлдөг. Эхний 2-5 хоногт бие эрхтэн дасч өгөхгүй хямрал үүсэх магадлалтай. Хүн хүний биеийн онцлогоос хамаарч өөр байна. Хамгийн гол нь өдөрт 20 гр нүүр ус. Ингэхийн тулд нүүрс усаа тоолж сурах хэрэгтэй. Дэглэмийн үед мацаг хослуулж болно. Хамгийн дээд тал нь 24 цагийн нойтон мацаг байх боломжтой. Хамгийн чухал нь бага багаар өөрийн биедээ дасгаж, амьдралын хэв маягаа болгох нь хурдан хугацаанд их жин хассанаас илүү үр дүнтэй байх болно.

  1. Байцааны дэглэм

Байцааг оросууд тахин шүтдэг. Амттай, ашигтай, олон янзын эмчилгээний увидастай гээд байцааг магтах олон шалтгаан бий.
Харин орчин үед байцаа бас тураах үйлчилгээтэй нь батлагдаад байгаа болохоор төрөл бүрийн тураах болон эмчилгээний дэглэмд байцаа хүндтэй байр суурийг эзэлж байна. Зүгээр л хоолныхоо хачирт будаа төмс, гоймон мэтийг хэрэглэхээ болиод зөвхөн байцаагаар хачирлаад хэвийн хэмжээгээр хооллоход тураад эхэлдэг. Аажмаар найдвартай туръя гэж бодож байвал энэ арга хамгийн тохиромжтой. Харин яаралтай турах гэж байгаа бол доорхи дэглэмийг бариарай.

Хэрэглэх заавар

Дэглэмийн зарчим нь тун энгийн. Бүхий л хоол тань янз бүрээр боловсруулсан төрөл бүрийн сортын байцаа байх юм. Байцааны салатандаа өргөст хэмх хэрчиж нэмж болно. Халбага оливын тосоор амталж болно. Давс л болохгүй. Хааяа ганц өндөг нэмж идэхийг зөвшөөрнө. Оройн хоолондоо 200гр чанасан мах юмуу загас, нэг аяга тараг ууна. Чихэргүй цай юм, эсвэл кофе зөвхөн өглөө ууна, бусад үед ус ууна.

Үр дүн

10 хоногт 5-7 кг турна. Гэхдээ хэр их илүү жинтэй байснаасаа хамаараад илүү ч турж магад.

Давуу талууд

-Байцаанд фосфор, кальци, магни ихээр агуулагддаг учраас булчин, яс, зүрх судасны системд таатай нөлөө үзүүлнэ, цусны даралтыг тогтворжуулна, холестериний хэмжээг бууруулна, элгийг цэвэршүүлнэ, үс хумсыг бэхжүүлнэ.

-Байцаа, ялангуяа броколли сортын байцаа хорт хавдраас хамгаалах үр дүнтэй нь тогтоогдсон. Мөн хавдар үүсгэгч эстрагенүүдийг саармагжуулан, тэднийг нэгэн маягийн дархлаа болгон хувиргадаг сонин увидастай гэнэ.
-Хэрэв та улирлын чанартай харшлын өвчтэй бол энэ өвчний шинж тэмдгүүдийг дарангуйлан багасгах үйлчилгээ үзүүлнэ.

-Байцаа ходоодонд удаан боловсордог тул энэ дэглэм нэг их өлсгөлөн биш байх болно.

Сул талууд

-Гэдэс цэрдийх, ходоод эвгүйрэх шинж тэмдэг гарах гээд байдаг. Тиймээс ходоод гэдэсний асуудалгүй эрүүл хүмүүст л тохирдог. Мөн сахарын диабеттай хүмүүст байцаа идэх хориотой байдаг.

-Байцаанд зарим төрлийн амин дэм, эрдэс бодис огт байхгүй тул витамин-комплекс нэмж ууж байх хэрэгтэй болдог.

-Дэглэмийн үед уураг маш бага хэрэглэдэг тул дэглэмээс гарсны дараа уураглаг юм идэх хүсэл их байдгаас хүрсэн үр дүнгээ баллах нь их байдаг.

  1. Дюкан дэглэм

Энэ нь өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд шуугиан тариад байсан дэглэм. Гэвч уургийн хэт өндөр хэрэглээний улмаас эрүүл мэндэд сөрөг үр дүн гарах магадлалтай учраас элэг, бөөрний асуудалтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Дэглэм дөрвөн үе шаттай бөгөөд нэгдүгээр үед өөхөн давхаргаа арилгах хоол хүнс хэрэглэнэ.
Нэгдүгээр үе шат: “Дайралт
Тарга тэвээрэг рүүгээ дайран давшлах хугацаа – 10 хоногоос ХЭТРЭХГҮЙ байх ёстой!
Хэрэв таны илүү жин 10 кг дотор багтаж байгаа бол түүн рүү дайрах хугацаа 2-3 хоног байна.
Илүү жин 10-20 кг бол дайралтын хугацаа 3-5 хоног.

Илүү жин 20-30 кг бол – 5-7 хоног.
Илүү жин 30 кг-аас дээш бол 7-10 хоног.
Дайралтын хугацаанд доорх нэр төрлийн хүнсийг дуртай цагтаа, хүссэн хэмжээгээрээ идэж болно:

Өөхгүй. тослоггүй туранхай мах: үхрийн мах, туулайн мах зэргийг чанасан, жигнэсэн, грилдсэн байдлаар иднэ. Шарахыг хүсвэл ямар ч тосгүйгээр шарна. Аливаа соус, тос зэргээр амтлаж болохгүй! Хонь, гахай, адууны мах нуугдмал тос ихтэй тул – хатуу хориотой!
Дайвар махан бүтээгдхүүн: үхрийн элэг, бөөр, хэл
Загас – бүх төрлийн.
Далайн бүтээгдэхүүн – бүх төрлийн
Шувуу – нугас, галуунаас бусад шувууны мах. Арьсыг нь идэхгүй /арьсанд хамаг өөх тос нь байдаг/
Өөх тосгүй хиам.
Өндөг – өдөрт 2 –оос илүүгүй. Холестерины хэмжээ ихтэй хүн бол долоо хоногт 3 – 4 өндөгний шар уураг л идэж болно, харин цагаан уурагны хувьд ямар ч хязгаарлалт үгүй.
Сүүн бүтээгдэхүүн: тослоггүй тараг, аарц, ээдэм. /Өдөрт 800гр-аас илүүгүй/ Элдэв жимстэй йогуртны тухай бодоод ч хэрэггүй – нуль чихэр /нүүрсус/ байдаг юм.
Сахар, чихэр шоколад, бусад амттан, архи дарс, гурилан бүтээгдэхүүн, бүх төрлийн будаа – хатуугийн хатуу хориотой!
Өдөр бүр: 1,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут явган явах, хөнгөн дасгал.
Болно: цай, кофе /мэдээж сахаргүй/, цуу, хуурай амтлагч, сармис, бага зэрэг давс, горчиц, нимбэгний шүүс, сахар орлуулагч.
Хоёрдугаар үе шат: “Аялал”
Энэ шатанд зохист жин рүүгээ “аялна”, сар, хоёр сар, гурван сар… таны хаях жингийн хэмжээнээс шалтгаална гэсэн үг. Дээр дурьдсан зөвшөөрөлтэй хүнсэн дээр ногоо нэмэгдэж орж ирнэ: байцаа, улаан лооль, өргөст хэмх, хулуу, баклажан, навчин салат гэх мэт. Бас мөөг. Ногоог хүссэн хэмжээгээрээ, жигнэсэн болон түүхий хэлбэрээр иднэ. /хүрэн манжин, лууван хоёрыг багахан хэмжээгээр/. Гэхдээ учиртай иднэ: нэг өдөр нь цэвэр уурагны өдөр, дараагийн өдөр нь уурган дээрээ ногоо нэмж идэх байдлаар ээлжилнэ. Гурав гурван өдрөөр ээлжилж бас болно. Дэндүү их илүү жинтэй хүмүүс тав таван өдрөөр ээлжлэхэд илүү үр дүн өгнө.
Өдөр бүр: 2 халбага овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 30 минут явган алхах, дасгал хийх.
Болно: 80-100 гр. хуурай дарс, 30гр. бяслаг, 1 халбага кетчуп, 1 цайны халбага цөцгий, тослоггүй какао. Гэхдээ энэ жагсаалтаас өдөрт 2 – ыг нь л болно.

Ийм байдлаар хүссэн жиндээ хүртэл хооллоно.
Гуравдугаар үе шат: Тогтворжуулалт
Хүрсэн үр дүнгээ тогтворжуулан хадгалах зорилго бүхий маш чухал үе шат юм. Үргэлжлэх хугацааны хувьд: таны хаясан жингийн кг тутамд 10 хоног оногдох ёстой. 15 кг турсан бол 150 хоног тогтворжуулалт хийнэ гэсэн үг. Ингэх аваас хаясан жин чинь буцаж хэзээ ч ирэхгүй, үүрд алга болох болно.

Эхний хоёр шатанд идэж байсан дээрээ өдөрт 2 зүсэм хар талх, 40 гр. бяслаг, 1 халбага оливын тос, 1 жимсгэнэ /гадил, усан үзэмнээс бусад/ нэмнэ. Долоо хоногт 2 удаа 200 гр. төмс, цагаан будаа, каш, гоймонгийн аль нэгийг сонгон идэж болно, гэхдээ заавал идэх албагүй, ийм зүйл хүсээд байвал л ид.
Долоо хоногийн нэг өдрийг “цэвэр уурагны өдөр” байлгана.
Өдөр бүр: 2,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут алхах, дасгал хийх.
Болно: долоо хоногт хоёр удаа “найрлаж” болно. Ура! Хүссэн бүхнээ дураараа ид. ГЭХДЭЭ ӨДӨРЖИНГӨӨ БИШ! Өдрийн, эсвэл оройн хоолоо л “найр” болгоно.
Дөрөвдүгээр шат. Үлдсэн бүх насаараа!
Элдэв хязгаарлалтгүйгээр, ердийн байдлаар хооллоно. Дэглэмийг барих явцад олж авсан хооллолтын хэв маягаа өөрчлөх хүсэл нэг их төрөхгүй дээ. Амттан идэх хүсэл төрөхөө ч больчихсон байх вий.

Өдөр бүр: 3 халбага овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 20 минут алхах – хэвээр.
Долоо хоног тутам: нэг өдөр – “цэвэр уурагны өдөр” хадгалагдана. Дюкон эмч пүрэв гаригийн уурагны өдөр болгохыг зөвлөдөг.
Ихэнхи хүмүүс эхний хоёр шатыг дуусган хүссэн жиндээ хүрмэгц гурав, дөрөвдүгээр шатыг тоолгүй орхиод зовж байж хаясан жингээ буцаагаад авчихдаг.

Тиймээс сүүлийн хоёр шатыг аль болох барихыг хичээгээрэй, яг таг биш ч гэсэн дөхүүлээд байвал илүү жингийн асуудал дахин босч ирэхгүй!

  1. Овьёосны тураах дэглэм

Дэлхий нийтэд эрүүл бас хамгийн богино хугацаанд өндөр үр дүнд хүргэдэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн овьёосны дэглэмийг танилцуулж байна.

Хоолны дэглэмийн төлөвлөгөө нь 2 үе шаттай байдаг.

1-р үе шат: эхний долоо хоногийн туршид өдөрт 3 удаа хооллох хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн овьёос л идэх бөгөөд жимс, эсвэл зуушаар амталж болно./Мягмар /

2-р үе шат: Дараагийн долоо хоногт өдөрт 2 удаа хооллох бөгөөд ингэхдээ эрүүл, өөх тос багатай бусад төрлийн хоолнооос сонгон идэж болно. Энэ үедээ жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Овьёосны дэглэмийн үед юу иддэг вэ?

Хоолонд хэрэглэгдэх овьёосны хэмжээ ½ аяга байна. Өглөө болон өдрийн хоолны гол орц нь овьёос байна. Хамтад нь бага хэмжээтэй, тослог багатай сүү, тараг, жимс нэмж хэрэглэхийг зөвшөөрдөг.

Өглөөний цайндаа ихэвчлэн шинэхэн жимс хольж хэрэглэхийг зөвшөөрдөг бол өдрийн хоолондоо самар болон хүнсний ногоо хэрэглэх боломжтой.

Оройн хоолондоо тахианы мах, загас, жижиг стек, эсвэл шарсан цацагт хяруул бага хэмжээгээр идэж болно. Энэ нь амттан эсвэл, махан хоол идэх хүслээ дарж, бага хэмжээний илчлэг авах боломжийг олгодог.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй