blog image

Өсвөр насны охид хэрхэн нүүрээ будах вэ?

2021-03-21 23:13:19

Эмэгтэй хүн бүрт байгалиас заяасан гоо зүйн өндөр мэдрэмж бий. Өсвөр насны охид өөрийн эмэгтэйлэг байдлаа илүү сайхнаар тодруулахын тулд нүүрээ будахыг хүсдэг билээ. Байгалиасаа гэрэлтэх тэдний арьс, гоо үзэсгэлэн юунаас ч илүү сайхан ч охид бүр өөрийн арьсны онцлогт тохируулан нүүрээ будах нь мэдээж буруу зүйл биш юм. Хүүхэд байхаасаа л ээжийнхээ хэрхэн нүүрээ будахыг харахыг хамгийн дуртай байж билээ. Мөн барби хүүхэлдэйтэй найзалж, яг л ийм хөөрхөн болно гэж мөрөөдсөөр нэг л мэдэхэд өсвөр насанд ирчихсэн. Тэгвэл дөнгөж дэлбээлж буй үзэсгэлэнт цэцэгсийн өнгө шиг хэрхэн нүүрээ будаж сурах вэ охид оо? 

  1. Арьсаа хайрлая. Хамгийн гоё нүүр будалтын үндэс суурь нь эрүүл, өнгөлөг толигор арьс шүү охид оо. Дэлхийн нийтийн арьс арчилгааны мундаг зөвлөхүүд өсвөр насны охидыг нүүр будгийн суурь кремийг түрхэхээс зайлсхийхийг зөвлөдөг. Учир нь арьсны нүхжилт үүсч батгаших эсдэл үүсдэг байна. Тиймээс нүүрээ будахдаа мэнгэ, сэвх, өө сэвээ дарахын тул өө дарагч хэрэглэх хэрэгтэй. Хамгийн зөөлөн бүтэцтэй өө дарагчийг багсаар түрхэж хэвшээрэй. Нүүрээ будсан бол орой нь заавал будаг арилгагч хэрэглэж, нүүрээ цэвэрлэж угаасны дараа чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхэж арчилж арьсаа хайрлаарай. 
  2. Нарны тос түрхэх. Арьсаа нарны хэт ягаан туяа, салхи болон эрс тэс уур амьсгалаас арьсаа хамгаалахын тулд SPF агууламж өндөр тос хэрэглэхээс гадна нарны тосыг дөрвөн улиралд өдөр бүр түрхэж хэвшээрэй. Суурь тосныхоо дараа нарны тосоо түрхэн, өө дарагч гэх мэт дарааллаар нүүрээ будахдаа бэлдэнэ. 
  3. Хацартаа энхрий ягаан туяаг оруулах. Өсвөр насны охид нүдээ будахаас илүүтэйгээр нүүрнийхээ хэлбэрийг тодосгох буюу хацарны алимдаа үл ялиг ягаахан туяаг гаргах хацар өнгөлөгчийг түрхээд үзээрэй. Дотроосоо гэрэлтэх булбарай царайг тань гүнж шиг л эхэмсэг харагдуулах болно. Арьсаа хуурайшуулахгүй гелэн болон хуурай бүтэцтэй энгэсэгийг сонгох нь чухал шүү. 
  4. Нүдээ будсан атлаа будаагүй мэт харагдуулах. Залуу охид нүүрээ ялангуяа нүдээ хэтрүүлэн будах нь түүнийг овортой харагдуулдаг. Тиймээс олон нийтийн сүлжээгээр трэнд болоод байгаа нүүр будалт бүрийг өөртөө хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Цайвар бор өнгө болон beige өнгийг нүдний зовхиндоо түрхэснээр нүүрийг нь илүү гоё тод бөгөөд натурал харагдуулна. Илүү тормолзсон нүдтэй харагдахын тулд сормуус дэрвийлгэгч, сормуусны будаг хэрэглээрэй. Контур нүдний харандаа аль болох бага ашиглаарай. 
  5. Уруулаа өнгөөр будахаас илүүтэйгээр тослог, чийглэг байлгах. Тод өнгөтэй, матт, эсвэл наалдамтгай бүтэцтэй уруулын будгаас аль болох хол байхыг өсвөр насны охидод зөвлөх байна. Бага зэргийн гялбаатай, эрүүл чийглэг уруул нь залуу төрхийг юу, юунаас илүү чимдэг. Өнгө оруулахыг хүсвэл аль болох уруулынхаа өнгөтэй ойр, нягтаршилт багатай, мөн хамгийн гол нь чийгшүүлэх үйлчилгээтэй будаг сонгоорой.
  6. Хөмсөгөө ургуул, харин оролдох хэрэггүй. Өсвөр насандаа бид төрөл бүрийн нүүр будалт туршиж үзэх зорилгоор олон алдаа гаргадаг. Тэдний нэг нь хөмсгөө хэт зулгаан нарийхан болгож засах явдал юм. Тиймээс охидод сануулж хэлэхэд хөмсгөө аль болох оролдохгүй, харин ч эсрэгээрээ ургуулах нь зөв шүү. Өргөн бас өтгөн хөмсөг чамайг илүү залуу, үзэсгэлэнтэй харагдуулдаг юм. Хэлбэрт оруулахыг хүсвэл хөмсөгний зэрлэгийг болгоомжтой түүхэд л хангалттай. Гэхдээ үүний тулд мэргэжилтэн эсвэл хайрт ээж, эгчийнхээ тусламж авахыг санал болгож байна.






Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй