blog image

Өсвөр насны охидын үзэх ёстой 10 кино

2021-03-27 13:59:03

Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан, нандин, гэгээлэг, дурсамж дүүрэн нас бол өсвөр нас буюу шилжилтийн нас билээ. Өнөөдөр чи аав ээжийн сайн охин байх гэж, анд найзынхаа итгэлт хүн байх гэж, ангидаа хамгийн манлайлагч нь байх гэж хичээж өөрийгөө зовоох хэрэггүй. Юунд ч өөрийнхөөрөө, үнэнч, сэтгэл зүрхнээсээ хандахад ирээдүйд чамайг хэн болохыг тодорхойлох болно. 

Эдгээр кинонуудыг үзэж амьдралаас авах сургамж, найз гэж хэн бэ?, гэр бүл чамд ямар чухал болох, ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох, хайр дурлал, сайн сайхан зүйлсийг таньж мэдээрэй хонгорууд минь. 

  1. Зоригт гүнж ( Brave) 

Энэ киног үзсэнээр энэ хорвоо ертөнц дээрх цор ганц агуу хайр бол эх хүний үр хүүхдээ гэх үнэнч хайрыг харуулдаг. Тиймээс ээжтэйгээ хамтдаа үзэж эх үрийн харилцаагаа улам сайхан болгоход тань туслах болно. Мөн Зоригт гүнж-ийг үзээд ээжийгээ өмнө хэзээ нэг өдөр уурлуулж, гомдоож байсан бол уучлалт гуйх сэдэл, хүслийг нь төрүүлнэ гэдэгт найдаж байна. 

2. Коралайн ( Coroline) 

Бид энэ хорвоод эцэг эх, эх орноо сонгож төрдөггүй шүү дээ. Хайраас ургаж гарсан чамайг ямар ч хүнд хэцүү үед чинь чиний төлөө амь биеэ зориулж чадах хүмүүс бол төрсөн эцэг эх билээ. Өсвөр насруу шилжин орж буй хүүхдүүдэд ээж аавын хайр халамж, амттай хоол, халуун дотно сайхан үгс, гоё хувцас гэх мэт зүйлсүүд хамгийн их хэрэгтэй байдаг. Гэтэл Коралайны аав ээж хайртай охиноо анзаарах сөхөөгүй өвөржин, шөнөжин ажилладагаас болж охинд өөр шинэ мөрөөдлийн гэр бүлтэй болох хүсэл төрдөг байна. Хархад жирийн нэг сонирхолтой хүүхэлдэйн кино ч аав ээжтэйгээ хамт үзэхэд нэгийг бодогдуулах бүтээл гэдэгт итгээрэй. 

3. Өдрийн тэмдэглэл ( The Notebook)

Хайр дурлалын тухай хамгийн романтик, сайхан кино гэдэгтэй хэн ч маргахгүй. Анхны хайртайгаа учрахаас өмнө үнэнч хайр, үүрдийн сэтгэл гэдгийг юу байдагийг энэ киноноос таньж олоорой. 

4. Жуно ( Juno)

16 настай дунд сургуулийн охин жирэмсэн болж тэрний амьдрал хэрхэн орвонгоор эргэж өөрчлөгдөж буйг харуулах хөөрхөн кино шүү. Тэрээр хүүхдээ олсоноо мэдээд төрүүлсэнийхээ дараа хүнд өргүүлнэ гэж шийддэг бөгөөд учраа мэдэхгүй 2 жоохон аав ээжийн адал явдал, эмэгтэй хүний амьдралын үнэт зүйлийг энэ киноноос мэдэх болно. Найз хөвгүүн, охинтойгоо хамтдаа үзээрэй. 

5. Мона Лизагийн инээмсэглэл ( Mona Lisa Smile)

Ганц олдох амьдралдаа хань ижлээ хэрхэн сонгож, аз жаргалтай сайхан гэрийн эзэгтэй болохыг харуулхаас гадна эмэгтэй хүн эхлээд өөрийгөө таньж олж юунд дуртай, юу хийхийг хүсч байна, үнэт зүйлээ хаанаас олж авахыг охидод мэдүүлнэ. Хүн хүний хүсэл сонирхол өөр ч сэтгэл хангалуун сайхан амьдрах гэдэг ганцхан тэмүүлэл дээр хүн бүрийн хүсэл огтлолцдог билээ. Энэ  киног найзуудтайгаа хамт үзэж өөрсдийнхөө дотоод хүний хүсэл сонирхлоо таньж ойлгоорой. 

6. Сүнсээр туугдагсад ( Spirited away)

Хааяа чамаас 10 настай охинд байхааргүй их зориг, хүч чадал гарч болно. Үнэхээр бидний аав ээж, хайртай дотны хүмүүст хэцүү зүйл тохиолдвол өөрт чадах бүх хүчээ гаргаж чадах итгэлийг энэ анимэ киноноос харж болно. Өөрийнхөө нас, биеийг бага гэж гололгүй, хүч чадалгүй гэж даралгүй амьдралд учрах бэрхшээл, саадыг үнэн сэтгэл, сайхан сэтгэлээр давж болдог юм шүү. 

7. Миний хөрш Тоторо ( My neighbor Totoro )

Японы хүүхэд багачууд, өсвөр настнуудын  хувьд Тоторо бол үндэсний хэмжээний хайр татам баатар нь юм. Үнэндээ би жоохондоо энэ киног анх үзэж байсан болхоор доторхи утга санааг нь хожим том болсон хойноо мэдэж улам их хайр хүрч бас гашуудлын бодол нэг хэсэгтээ л арилдаггүй байлаа. Зүгээр л нэг нэгэн тосгонд нүүж ирсэн гэр бүлийн тухай гарах ч зөвхөн хүүхдүүдэд харагдах далдын зүйлс гэж байдаг болохыг домог яриа болтол харуулна. Хөөрхөн дүү нартайгаа хамт үзээрэй. Тэд бол чиний амьдралын нэг хэсэг, үнэт зүйлс шүү. 

8. Бэрсний Хатан ( Queen’s Gambit )

8 настай байхдаа ээжийгээ цаг бусаар алдаж асрамжийн газарт очсоноор өөрийгөө ес бусын мэдрэмж, мэдрэхүйтэйгээ мэддэг тухай киноны эхэнд харуулах болно. Магадгүй миний амьдралдаа үзэж байсан хамгийн гоё олон ангит цуврал кино. Асрамжийн газар гэж ямар газар болох, охидын биеэ авч явах соёл, өсвөр насны онцлог, хайр дурлалаас илүүтэйгээр өөрийн чаддаг спортоор хичээллэж, тууштай зүтгэлтэй байвал ямар их амжилт аз жаргалыг харуулах болно. Гэхдээ хүний амьдралд амжилт, алдар нэр, мөнгөнөөс илүү дуртай, хайртай зүйлээ хийх нь илүү чухал гэдгийг киноны төгсгөлөөс мэдэж болно.

9. Хөөрхөн хүүхэн ( Pretty woman)

Энэ киног үзсэн хүн бүрт гадаад орныг Америкт очиж үзэх хүслийг төрүүлнэ. Биеэ үнэлэгчийн амьдралаас үлгэрийн цагаан морьтой ханхүүтэй учирч, гүнжийн амьдралруу хэдхэн өдрийн дотор үсрэн орж буйг харуулна. Өсвөр наснаас эхлэн бүх насны эмэгтэйчүүдийн дуртай хамгийн гоё кино. 

10. Дэггүй охид ( Mean girls)

Амьдралдаа нэг удаа шинэ ангид шилжиж ирэх , нийлдэг фракцаасаа жийгдэх мэдрэмжийг авсан л биз дээ? Тэр ангидаа шинээр найзлах найзуудаа сонгох нь багагүй цаг хугацааг шаардаж, олон хөгжилтэй дурсамжтай үйл явдлыг өрнүүлдэг тээ. Тэгсэн ч санаа нийлсэн, сахилгагүй найзуудтай байх нь тооны хичээл дээр муу авхаас ч харамсахааргүй сайхан шүү. 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй