blog image

Нөсөө толбогүй болохын тулд хамгийн эхлээд ....

2021-06-21 14:46:07

Хүүхэд байхад бид хэчнээн өөгүй жигд арьстай байдаг билээ дээ. Харин он цагийн аясаар нөсөө толбо гарч ирсээр нэг л мэдэхэд том жижиг бор, хүрэн төрөл бүрийн мэнгэ, сэвх, нөсөөтэй болчихдог. Нэгэнт тогтсон нөсөө толбыг арилгахад хэцүү ч нэмж гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх чухал. Нөсөө толбо арилгана гэсэн янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглээд үр дүнд хүрэхгүй, улам дордуулахгүйн тулд энэ муухай юмны үндэс суурийг нь мэдэх хэрэгтэй. Тэгвэл нөсөө толбо юунаас болж гардаг юм бэ? Танд аль нь илүү ойр байна. Хамтдаа шинжицгээе

Арьсны гүн рүү хэр хэмжээнд нэвтэрснээс нь шалтгаалж нөсөө толбыг эпидермал ба дермал гэж хоёр хуваана. Эпидермал нөсөө толбо нь бор туяатай пигментууд байдаг. Зөв эмчилж чадвал үүнийг 1-1,5 сарын дотор цайруулах боломжтой. Харин дермал нөсөө толбо нь цэнхэр, саарал-цэнхэр, саарал туяатай байдаг. Эмчилгээ нь нэлээн ярвигтай. Одоо харин бид юунаас болж нөсөөждөг юм бол?

Нар. Нарны хэт ягаан туяаны нөлөөнд арьс өөрийгөө хамгаалах зорилгоор меланин пигмент ялгаруулж эхэлдэг. Энэ пигмент бөөгнөрсөөр нөсөө толбо үүсэх хамгийн том шалтаг болно. Тиймээс нарны тосыг жилийн дөрвөн улиралд түрхэж байгаарай

Даавар. Дааврын тэнцвэр алдагдах нь нөсөө толбо үүсэх үндсэн шалтгаан болдог. Харин дааврын тэнцвэр нь инсулины эсэргүүцэл, жирэмслэлтээс хамгаалах эм, жирэмслэлт, цэвэршилт зэргээс шалтгаалж алдагддаг.

Биеийн дотоод асуудал. Ходоод гэдэсний зам, элэг, цөсний хүүдийн өвчин нөсөө толбо үүсэхэд нөлөөлнө. Тодруулбал буруу хоолны дэглэм, үүнээс үүдсэн шим тэжээлийн дутагдал, ялангуяа төмөр ба зэсийн хомсдол уг асуудлыг үүсгэнэ.

Буруу арьс арчилгаа. Зуны цагт арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь нөсөө толбо үүсгэх өндөр аюултай. Мөн лазер, пилинг, үс унагаах эмчилгээ зэрэг гоо сайхны процедурт хамрагдсаны дараа арьсаа буруу арчлах нь үндсэн шалтгаануудын нэг болно. Ямар ч нөхцөлд нарнаас маш сайн хамгаалж, нарны тос түрхэх хэрэгтэй.

Үрэвсэл. Арьс цочирч, үрэвсэж, экзем ба тууралт үүсэж, батганы асуудалтай тулгарснаас болж арьсны гадаргуу бүрэн бүтэл байдлаа алдаж, ийм байдалтай удаан хугацаанд явснаар нөсөө толбо үүснэ.

Эм. Жирэмслэлтээс хамгаалах эм, антибиотик, системийн ретиноид, алтан цэгцүүхэйн ханд, антигистамин, сульфониламид, зарим нэгэн стероидгүй үрэвслийн эсрэг эм, бактерийн эсрэг бэлдмэл зэрэг нь арьсыг хэт ягаан туяанд илүү мэдрэмтгий, эмзэг болгодог тул нөсөө толбо үүсэх шалтгаан болдог байна.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1 Сэтгэгдэлтэй
  • Batgerel
    Ymar bvteegdexvvn xereglex we miniix xawar zun mash ixeer todorch garch irdg owol gaigvi bldg