blog image

Нярай хүүхдийн асаргаа ба хооллолт

2020-11-10 01:28:28

1 сартай хүүхэд

  • Хүүхдэд эхийн сүүнээс өөр шингэн болон бусад хоолыг огт өгөхгүй. Эхийн сүү нь хүүхдийг хангалттай сайн хооллож амны цангааг бүрэн тайлна. 
  • Хүүхдийг хүссэн үед буюу өдөр шөнийн аль ч үед хоногт 8-аас доошгүй удаа хөхүүл 
  • Хүүхэд амаа хөдөлгөх, хуруугаа хөхөх, хоол нэхэх зэрэг өлсөж буй шинж үзүүлэх бүрийд хөхүүлээрэй. 
  • Хүүхдээ хөхүүлэхдээ нэг хөхийг бүрэн хөхүүлж сулласны дараа, нөгөө хөхөө хөхүүлнэ. 
  • Хүүхдийг өдөр бүр угаана
  • Живхийг солих болон хуурайлахдаа хүүхдийн арьсыг нурахаас хамгаалж тогтмол угаана. Живх нь хүйг нь хөндөхгүй байх зохимжтой. 
  • Хүүхдийн хамрыг цэвэрлэж нусыг зориулалтын бургуйгаар соруулах болон имхэрдсэн хөвөнг хамрын нүх рүү оруулж, цагийн зүүний дагуу эргүүлэн буцааж татаж авахад хамрын хөндий дэх нус салс хөвөнгийн үзүүрт наалдан гардаг. 
  • Хүүхдийн толгойг савантай бүлээн усаар тогтмол угааснаар хаг тогтдоггүй. 
  • Хүүхдийг сар бүр жинлэх хэмжих нь эрүүл өсөж бойжиж буйг илэрхийлэх гол үзүүлэлт юм. Төрсний дараах эхний саруудад хүүхдийн жин эрчимтэй нэмэгддэг. 

2 сартай хүүхэд

  • Хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно
  • Хүүхдийг нарлаг сайхан өдөр гадаа агаар салхинд гаргаж байгаарай
  • Хүүхдийг онгоцонд усанд оруулж болно.
  • Хүүхдийн өлгий даавуу болон хувцас нь хөвөн даавуу байх нь чухал
  • Хөл гарыг үргэлж дулаан байлгана
  • Цавь суга зэрэг нимгэн арьстай хэсгийг үргэлж шалгаж угааж цэвэрлэнэ. Хэрэв нуралт үүссэн бол савантай ус болон хар цайгаар угаана. 
  • Хөхөө сүүтэй байлгахын тулд ээж нь сайн хооллож унтаж амарч байх нь чухал.

3 сартай хүүхэд

  • Хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно
  • Хүүхэд амаа хөдөлгөх, хуруугаа хөхөх, хоол нэхэх зэрэг өлсөж буй шинж тэмдэг гарах бүрд хөхүүл 
  • Хүүхдээ хөхүүлэхдээ нэг хөхийг бүрэн хөхүүлж сулласны дараа нөгөө хөхөө хөхүүлж хоолло.
  • Хүүхдэд эхийн сүүнээс өөр шингэн болон бусад хоолыг өгөхгүй. Эхийн сүү нь хүүхдийг хангалттай сайн хооллож амны цангааг бүрэн тайлна. 
  • Хүүхдээ агаар салхинд гаргана /сайхан өдөр хүүхдийг гадаа гаргах нь чухал/
  • Д аминдэмийг харьяалдаг эмчийн зөвлөгөөгөөр сэргийлэх тунгаар уулгана /50000 нэгжийн Д аминдэмийг сард нэг удаа уулгана/
  • Хүүхэд их хөлрөх, нойронд муудах, үе үе цочих, шээс хурц үнэртэй болбол эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө авах хэрэгтэй

4 сартай хүүхэд

  • Эхийн сүүгээр дагнан хооллоно. Хөхүүлэлтийн хооронд удсан бол бага зэрэг сааж байж хөхүүлээрэй
  • Хөхүүл хүүхэдтэй ээж шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх ба архи, халуун чинжүү, кетчуп, шоколад гэх мэтийг хэрэглэхээс татгалзаарай
  • Хүүхдэд биед тохирсон хөдлөхөд чөлөөтэй уужим хувцас өмсгөнө. 
  • Хүүхэд халууцаж хөлөрсөн үед хамгийн гадна талын хувцаснаас нь эхлэн аажим нимгэлнэ. 
  • Хүүхдийг их бигнэвэл ханиад шуухинаа тусах нь их байдаг. Мөн хүүхдийг орчноос хэт тусгаарлах шаардлагагүй.
  • Арьсанд цочрол өгдөггүй живх сонгох нь чухал
  • Энэ үед хүүхдийн эхний шүд цухуйж эхэлдэг тул шүлс их гоождог ба заримдаа хүүхэд нэлээн уйлдаг 
  • Хүүхдийг унтуулахдаа хажуугаар хэвтүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлгөөн ихэсгэдэг тул ойчихоос сэргийл.
  • Хурц үнэртэй шээж байвал эмчээс зөвлөгөө аваарай
  • Ээлжит дархлаажуулалтандаа очих ёстой.

5 сартай хүүхэд

  • 5 сартай хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллоно. Хүүхдийг хөхүүлэхийн өмнө заавал хөхөө 2-3 удаа шувтран бага зэрэг саана. 
  • Хүүхдийн шээс их хурц үнэртэй, хөхөө хөхөхдөө их хөлөрч байгаа эсэхийг анхааралтай ажиглана. \ Энэ шинж нь хүүхдэд рахиттай болж эхэлж байгааг илэрхийлж буй тул сайтар ажиглаад эмчдээ даруй хандаарай \
  • Хүүхдийг долоо хоногт 3- аас доошгүй усанд оруулна. 
  • Чих хамрыг үргэлж цэвэрлэнэ. 
  • Энэ үед хүүхэд мөлхөх гэж оролдож эхэлдэг тул цэвэр гадаргуу дээр чөлөөтэй хөрвөөх нөхцөлийг бүрдүүлж өгөөрэй. 
  • Хүүхдийн хөдөлгөөн нь ихэсч өвөр дээр цогих, сарвалзах зэргээр үргэлж хөдөлдөг тул халуун цай хоол зэргийг хүүхдийн гар хүрэхээс хол байрлуулж байгаарай. 
  • Хүүхэд гартаа тааралдсан юмыг амандаа хийдэг тул залгиж болзошгүй жижиг тоглоом болон юмны хэлтэрхийг хүүхдэд бариулж болохгүй.
  • Хүүхдийг их бигнэвэл ханиад шуухинаа тусах нь их байдаг. Мөн хүүхдийг орчноос хэт тусгаарлах шаардлагагүй. 

6 сартай хүүхэд 

Хүүхдийг хүссэн үед нь, аль болох олон удаа хөхүүл. Хүүхдэд 6 сартайгаас \180 хоногтойгоос\ нь 2-3 хоолны халбага тараг, каша, бантан, зутан зэрэг сайтар жижиглэж, нухаж бэлтгэсэн хоолыг эхлээд 2-3 халбагаар дасгаж өдөрт 2-3 удаа өгч эхэлнэ. Хэмжээг аажмаар тогтмол нэмэгдүүлж, хагас аяга хүртэл ихэсгэж өгнө. 

  • Нэг хоолонд дасгасны дараа шинэ хоолыг бэлтгэж өгнө. Дараагийн шинэ хоолыг өгөхөөс өмнө түрүүчийн хоол нь тохирч байгаа эсэхийг хэд хоног нягталж үзнэ. 
  • Нэмэгдэл хоолонд оруулахдаа эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөг аваарай. 

- Хүүхдийг эхийн сүүгээр тогтмол хооллохын зэрэгцээ нэмэгдэл хоолны хэмжээг хүүхдийн идэх хэмжээнд хүртэл нэмэгдүүлж өг. 

-    6 сартай хүүхэд 2 шүдтэй болсон байна. 

  •  6 сар хүрэхэд хүүхдийн бие жин төрөх үеийнхээс 2 дахин нэмэгддэг. 
  • Энэ үед хүүхэд бие даан сууж чаддаг болсон байна.
  • Арьсыг цочроохгүй живхийг сонгож хэрэглэх ба тосч шээлгэхийг оролдоорой. 

7 сартай хүүхэд

Хүүхдийг хүссэн үед нь, аль болох олон удаа хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон нэмэгдэл хоолыг тогтмол идүүлнэ. 

  • Нэг удаад 150-аас доошгүй мл  тараг, бантан, зутан төмсний нухаштай шөл, сайтар жижиглэж, нухаж бэлтгэсэн хоолыг өдөрт 3 удаа өгч эхэл. 
  • Хүүхдийг өөрөө хооллож сурахад нь тусал. Хүүхэд хахахаас \ самар, усан үзэм, түүхий лууван\ болгоомжил. 
  •  Хоол идэх дуршлыг харгалзан  хоолны жоронд 1-2 удаа ээдэм, талх, печень , боовыг нухаж идүүлж болно. 
  • Энэ үед хүүхэд ганцаар чөлөөтэй сууж, юмнаас зууран босож чаддаг болсон байх тул гэр доторх халуун зуух, халуун цай хоолноос хол байлгах хэрэгтэй!

Хүүхдийг аль болох тосож шээлгэхийг хичээх нь чухал. Усанд тогтмол оруулж, сургавал өвчин тусахгүй чийрэг болон өсч бойждог. Аливаа өвчний шинж илэрвэл эмнэлэгт даруй үзүүлээрэй. Энэ үеэс хүүхдийн дархлаа суларч эхэлдэг тул амин дэм эрдсээр баялаг хоол олон найрдлагат бичил тэжээлийг тогтмол өгөх нь чухал. Өсөлтийн хяналтыг нямбай хийж, тэмдэглэж байх хэрэгтэй. 

8-9 сартай хүүхэд

  • Хүүхдийн нэмэгдэл хоолоор хооллохын зэрэгцээ хүссэн үед нь хөхүүлнэ. 
  • 8 сартайгаас эхлэн бага зэргийн зажлууртай, барьж идэж болох хоол өгнө. 
  • Хүүхдийг өөрийнх нь аяга тавагнаа хооллуул. 
  • Гэрийн хоолноосоо тос өөхгүй хэсгээс нь жижиглэн нухаж идүүлнэ. Энэ насанд хүүхэд тараг, бантан, каша, ногооны зутан зэргийг тогтмол иддэг болно. 
  • Хоол идэх дуршлаас нь хамааруулан хоолны хооронд 1-2 удаа хөнгөн зууш, идэх юм өг. 
  • Хэт чихэрлэг ундаа, чихэр өгч сургаж болохгүй. Энэ үед идэж хэвшсэн хоолыг цаашдаа идэх сонирхолтой болдог. 
  • 8 сартайгаас мөлхөж эхэлдэг тул чөлөөтэй байлгаж, орчныг нь өдөр бүр цэвэрлэж байх ба залгиж болох жижиг зүйлсийг ойр байлгаж болохгүй. 
  • Бусдын тусламжгүйгээр сууж, чөлөөтэй мөлхөнө. 
  • Хүүхдээ өглөө бүр нүүр гарыг угааж сургаарай эсвээс уснаас айдаг болдог. 
  •  9 сарын вакцинаа хийлгээрэй. 
  •  Аль болох их хандаж ярьж байвал хурдан хэлд орно. 

10 сартай хүүхэд

  • Хүүхэд гэрийн хоолноос жижиглэж нухаад идүүлнэ. Энэ үед хүүхдэд шүд, буйлаараа бяцлан идэж чадах махыг нь жижиглэсэн гурилтай ногоотой хоолыг нухаад өгнө. Олон найрлагат бичил тэжээлийн холимгийг хоолтой хамт идүүлнэ. 
  • Хүүхдийг өөрийнх нь хоол тавагнаас хоолло. 
  • Хүүхдээ хооллоход нь тэвчээртэйгээр тусал.Хүүхэдтэй эелдэгээр ярьж, түүний нүд рүү хараад, хоолоо идэхэд нь урамшуулан дэмжиж өг. Харин илүү их хэмжээгээр идүүлэх гэж бүү хүчил.
  • Хэрэв хүүхэд хоолоо идэх зуур сонирхол нь буурч, анхаарал нь сарнин өөр зүг рүү хандвал, хоол руу нь эргэж анхаарал хандуулахыг хичээ. 
  • Таны хүүхэд хоол идсэний дараа цангаж байгаа нь ажиглагдвал шингэн өгөөрэй. \ус бол буцалгаж,хөргөсөн ус байх хэрэгтэй, сүү, хярам, ундаа байж болно\

11 сартай хүүхэд

  • Хүүхдэд тохирсон хоолыг хагас аягаар өдөрт 3-4 удаа, мөн хоол идэх дуршлаас нь хамааруулж 1-2 хөнгөн зуушийг хоолны хооронд өгнө. 
  • Хөхийг хүссэн үед нь тогтмол үргэлжлүүлэн хөхүүлнэ.
  • Хүүхдийг хоол идэхэд нь тэвчээртэй тусал. Түүнтэй эелдэгээр ярьж, нүд рүү нь хараад, хоолоо идэхэд нь урамшуулан дэмжиж өг. Харин улам их идүүлэх гэж хүчилж хэрэггүй. 
  • Хэрэв хүүхэд хоолоо идэх зуур сонирхол нь буурч, анхаарал нь сарнин өөр зүг рүү хандвал, хоол руу нь эргэж анхаарал хандуулахыг хичээ. 
  • Таны хүүхэд хоол идсэний дараа цангаж байгаа нь ажиглагдвал шингэн өгөөрэй. \ус бол буцалгаж,хөргөсөн ус байх хэрэгтэй, сүү, хярам, ундаа байж болно\
  • Хүүхэд чихэрлэг зүйл их идвэл ердийн хоолонд дургүй болдог. 
  • Хүүхдийг шээх баах тухайгаа өөрөө илэрхийлж сургахыг хичээгээрэй. 
  • Дархлаа сулардаг үе тул амин дэм эрдсээр баялаг хоол идүүлэхийг чухалчлаарай.

1 настай хүүхэд

  • Хүссэн үед нь олон хөхүүлнэ. 
  • Өдөрт 3-4 удаа тэжээллэг \шаардлагатай бол жижиглэж нухах\ хоол өг, нэг удаад 1 аяга хоол идүүлнэ. Хоол идэх дуршлаас шалтгаалан хоолын завсраар өдөрт 1-2 удаа талх, боов, ногоо жимсний нухаш, ээдэм зэргээр хооллоно.
  • Хүүхдийг өөрийнх нь аяга тавагнаас хоолло. Хүүхдийг хоолоо идэхэд нь идэвхитэйгээр туслаж дэмжээрэй. 
  • Хүүхэд өвдсөн үед шингэнийг ердийнхөөс илүү \ эхийн сүүгээр хооллодог хүүхдийг илүү олон удаа хөхүүлэх\ өгөхийн зэрэгцээ түүний дуртай, хооллох дурыг татах, олон нэр төрлийн, зөөлөн хоол бэлдэж өгөхийг хичээгэрэй. 
  • Хүүхдийг угжаар хооллож хэрхэвч болохгүй. 

14-18 сартай хүүхэд

  • 2 нас хүртэл нь хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ. 
  • Өдөрт 3-4 удаа тэжээллэг \ шаардлагатай бол жижиглэж нухах\ хоол өг, нэг удаадаа 1 аяга хоол өг. Мөн хүүхдийн хоол идэх дуршлаас шалтгаалан завсраар өдөрт 1-2  удаа хөнгөн хооллох 
  • Таны хүүхдийн нүд нь ер бусын хөдлөх эсвэл гэрэлд хэт их мэдрэмтгий байвал даруй эмчдээ хандаарай. 
  • Хүүхэд бусадтайгаа харьцах дургүй, таньдаг хүмүүсээс хэт бишүүрхэх байдал илэрвэл сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй. 
  • Энэ үеп хүүхэд хөтөвчинд бие засаж сурсан байх ёстой.
  • Хүүхэд угжаар уулгаж сургахгүй байхыг таньд зөвлөе.

Хэрэв хүүхэд өвчтэй байгаа бол энэ хэсэгт бичигдсэн зөвлөгөөний дагуу түүний насанд тохируулан хоолло. Мөн шингэнийг ердийнхөөс илүү өгөхийн зэрэгцээ түүний дуртай, хооллох дуршлыг сайжруулах, олон нэр төрлийн, зөөлөн хоолыг өгөөрэй. Өвдсөн хүүхдийг ердийнхөөс илүүтэй хооллож, хооллох хүслийг дэмжээрэй. 

20-23 сартай хүүхэд

  • 2 нас хүртэл нь хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ. 
  • Өдөрт 3-4 удаа тэжээллэг \ шаардлагатай бол жижиглэж нухах\ хоол өг, нэг удаадаа 1 аяга хоол өг. Мөн хүүхдийн хоол идэх дуршлаас шалтгаалан завсраар өдөрт 1-2  удаа хөнгөн хооллох 
  • Энэ насанд хүүхэд ширээнд сууж хооллож сурна. 
  • Хүүхэд цэцэрлэгт орсон бол хоолоо хэрхэн идэж байгаа талаар тогтмол анхаарч байх нь чухал. Учир нт хүүхэд олны дунд ороод анхаарал нь сарниж хоолондоо муудах байдал ажиглагддаг. 

2 настай хүүхэд

    • Гэрийн хоолноос өдөрт 3 удаа өгөх. Хоолны завсраар өдөрт 2 удаа тэжээллэг зууш нэмэлтээр өгөх
    • Хэрэв хүүхэд шинэ хоолноос татгалзвал дундаа тавьж хамтдаа идэн, ах эгч нь болон та өөрөө энэ хоолонд дуртай байгаагаа мэдрүүлж, дууриад үзүүлээрэй. 
    • Хүүхдийг илүү идүүлэх гэж хүчлэхгүй насанд нь тохирсон хэмжээгээр хоолыг өг. Дүүрэн аягалсан хоолыг өгөхийн оронд бага багаар хийж нэмэх маягаар идүүлбэл хүүхэд дуртай байдаг. 
    • Хоолыг идүүлэхээс өмнө заавал гарын угааж сургаарай. 
    • Та хүүхэддээ шүдний сойз, хүүхдийн оо авч өгсөн үү? Шүдээ хэрхэн угаахыг зааж өгөөрэй. 

3 настай хүүхэд

  • Хэрэв хүүхэд шинэ хоолноос татгалзвал дундаа тавьж хамтдаа идэн, ах эгч нь болон та өөрөө энэ хоолонд дуртай байгаагаа мэдрүүлж, дууриал үзүүлээрэй. 
  • Хүүхдийг илүү идүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Хүүхдийн нас, биеийн хэмжээ, хөдөлгөөний идэвхи зэргээс нь хамаарч, тааруулж тохируулсан хэмжээгээр хоолыг өг. Хүүхдийг өсч томрох тусам хооллох тоог нэмэгдүүлнэ. 
  • Хүүхэд цэцэрлэгт орсон бол цэцэрлэгийн нөхцөл, ариун цэвэр, хоол ундны эрүүл аюулгүй байдлыг судлаж, холбогдох шаардлагыг тавих нь эцэг эхийн үүрэг юм. 
  • Хүүхдэд хувцсаа хураах, тоглоомоо хураах, хогоо хамаагүй хаяхгүй байх, гараа тогтмол угаах дадлыг эзэмшүүлээрэй. 
  • Хүүхдийг энэ насанд өдөрт  1 цагаас илүү удаан хугацаагаар зурагт үзүүлж болохгүй. 

4 настай хүүхэд

  • Хэрэв хүүхэд шинэ хоолноос татгалзвал түүнд хоолыг амтлан өгөх
  • Нэг хоолыг тогтмол өгвөл хүүхэд уйддаг. Хэрэв хүүхэд харшилтай, эсвэл ямар нэг хоолонп дургүй бол хоолыг өөрчлөх нь зүйтэй. 
  • Хүүхдэд чихэрлэг хийжүүлсэн ундаа, хэт чихэрлэг шоколад, бялууны төрлийн боов зэргийг хэтрүүлэн идэж болохгүй. Харин аль болох цагаан идээ, ногоо, жимс, мах зэрэг амин дэм илчлэгээр баялаг хоол унд идүүлэхийг хичээгээрэй. 
  • Хүүхдэд давсалсан шорвог хоолыг идүүлээд сургачихвал хожим энэ зуршлыг өөрчлөхөд маш бэрхшээлтэй. 
  • Гэрийн ариун цэвэр эрүүл ахуй хоол хүнсний дадал зуршлаас хүүхдийн эрүүл мэнд ихээхэн хамаардаг. 
  • Хүүхэд цэцэрлэгт орсон бол хүмүүжүүлэгчтэй нь дээрх асуудлаар санал бодлоо хуваалцаж байх нь таны эрх юм.
  • Энэ насанд хүүхэд оюун ухааны сэтгэл зүй, хүмүүжлийн талаар төлөвшиж эхэлдэг тул ямар хүн болох нь гэр бүл орчноос нь маш их хамаардаг. 

5 настай хүүхэд

  • Энэ насанд хүүхэд хоолоо өөрөө чөлөөтэй сонгож иднэ. Хэтэрхий чихэртэй амтлаг зүйл, лаазалсан хүнс идүүлэхээс зайлсхий. “Хоносон” хоол идүүлж болохгүй.
  • Шүд цоорохоос сэргийлэх, хоол идэх дур хүслийг нь хэвийн байлгахын тулд хүүхдийг тогтмол цагаар хооллох хэрэгтэй. 
  • Хүүхэд чинь дүүтэй болсон эсвэл цэцэрлэгт орсон зэргээс хамаарч анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд хооллолтын та үргэлж анхаарч байгаарай. 
  • Энэ үед хүүхэд ямар ч дадлыг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг тул гэр бүл, орчин эцэг эхийн зөв дадал зуршил зан үйл их нөлөөтэй.
  • Хүүхэддээ аль болох их цаг зарцуулж ярьж байх нь хүүхдийн ой ухааныш сайжруулдаг. 
  •  Энэ насанд аавын оролцоо илүү байдгийг санаарай. Эцэг нь хүүхэддээ цаг гарган дагуулж явах, ярьж тоглох, үлгэр ярьж өгөх зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь их нөлөөлдөг.

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй